Өнгөрсөн оны 11 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувууг олж, нисэх боломжгүй болсон түүнийг эмчилж, асран тэжээж улмаар шархыг нь бүрэн эдгээж ижил сүрэгт нь нийлүүлжээ.
Тодруулбал, Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны 11 сарын 18-ны өдөр Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг олж илрүүлсэн байдаг. Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байжээ. Тус шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээсэн байна.
Энэхүү хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр өгчээ. Азхүү хэмээх хотон шувуу нь өдөрт 3-4 загас иддэг. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ. Хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг байсан гэнэ. Тус шувууг зургадугаар сард Хар-Ус нуур орчимд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөж байсны дагуу ийнхүү ижил сүрэгт нь нийлүүллээ.
Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар 62 хотон өндөглөн зусаж байгаа билээ.
Хуулиар хамгаалагдсан ховор шувууг өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлсэн байна. Өвлийн турш арчилж өсгөсөн Ганболдын гэр бүлд сайн сайхныг хүсч ХОТОН ШУВУУГ ижил сүрэгтэйгээ амар тайван дүүлэн нисэхийг хүсэн ерөөе.