Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт орших Халзан бүргэдтэй хайрханы орчим 11,600 орчим га газарт “Сод маргад” ХХК хайгуул хийхээр ирээд байгаа асуудлуудтай холбоотойгоор дараах мэдээллийг бэлтгэлээ. Тодруулбал, Халзан бүргэдтэй хайрхан бол Ховд нутгийн бахархал Буянт голын эх ундарга болох Хүйтэн салаа, Цагаан устаас Бүргэдтэйн гол бүрдэж эх авдаг. Тиймээс энэ бол зөвхөн Дуут сумын иргэдийн асуудал биш бөгөөд Ховд аймгийн төвийн болон Буянт голын сав нутгийн хэдэн мянган ард иргэдийн өмнө тулгарч байгаа цэвэр усны аюулгүй байдалд хөндөгдөх хэмжээний асуудал учраас ийнхүү анхаарлын төвд байхаас аргагүй юм. Буянт голын усаар Ховдын хүнсний ногоо, газар тариалангийн талбай, ард иргэд тэжээгддэг гэдэг үүднээс төр засаг, ард иргэдтэйгээ ийнхүү эсэргүүцэж байгаагийн учир гэж хэлж болно.
“Сод маргад” ХХК-ны хайгуул хийх ажлын бүрэлдэхүүн Дуут суманд өнгөрсөн 7 хоногт ирж техник тоног төхөөрөмж бүхий өрөмнүүдээ суурилуулаад байгааг сумын Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч үйл ажиллагааг өчигдөр зогсоосон байна. Харин компаний зүгээс “Бид хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан. Бидний үйл ажиллагаа бүгд хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн хариуг өгөөд байгаа юм. Харин тэрхүү хууль ёсны дагуу гэх хайгуулын лиценз авсан зөвшөөрөл нь анхнаасаа хууль зөрчсөн байгааг сумын удирдлагууд болон нутаг орноо хамгаалан тэмцэж хамтран ажиллаж байгаа хүмүүс дараах баримт мэдээллүүдээс үндэслэн холбогдох байгууллагуудад санал, гомдол хүргүүлээд байна.
Хууль тогтоомжийн хүрээнд “Сод Маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хийлгэхгүй байх, цаашилбал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах хуулийн боломж бий эсэх талаар Дуут сумын удирдлагуудаас уг лицензийн олголт болоод дээрх асуудлуудтай холбоотой одоогийн нөхцөл байдал ямар шатанд явааг тодрууллаа. Тэдний хэлж буйгаар Дуут сумын Засаг даргаас захирамж гаргаж, улсын байцаагчаас акт тогтоож, дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байна. Тэгэхээр дээрх компани ийнхүү өрөмдлөгийн үйл ажиллагаагаа эхлүүлэх үед нь уг арга хэмжээг Дуут сумын Засаг даргын Тамгын газраас нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Иймээс дээрх компани одоогийн байдлаар өрөмдлөгө хийх, ухах боломжгүй болоод байгаа ажээ.
Гэхдээ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үр дүнтэй арга бол “Сод Маргад” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1166 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах юм. Учир нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс “Сод Маргад” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосонд оршиж байгаа.
Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,1,13-т зааснаар Ховд аймгийн Засаг дарга нь харъяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх эрх хэмжээтэй.
Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Дуут сумын ИТХ нь нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход Ховд аймгийн Засаг даргаар дамжуулан санал өгөх эрхтэй. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн санал өгөх эрхийг зөрчиж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1166 дугаар шийдвэрээр “Сод Маргад” ХХК-д Ховд аймгийн Дуут сумын Дуут нэртэй 31641 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ. Түүнчлэн Ховд аймгийн тухайн үеийн Засаг дарга Г.Нямдаваагаас 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Сод Маргад” ХХК-д Ховд аймгийн Дуут сумын Дуут нэртэй 31641 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл “олгохоос татгалзсан” санал өгсөн байдаг. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас дээрх тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар санал авах бичгийг Ховд аймгийн Засаг даргад 2008 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүргүүлснээр Дуут сумын ИТХ-аас санал өгөх боломжгүй болгожээ. Мөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Сод Маргад” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас Дуут сумын ИТХ-ын санал өгөх эрх зөрчигдсөн байдаг. Ийм байхад дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл нь өөрөө хууль зөрчин гарсан шийдвэр гэж үзэж байгаа юм.
Мордохын хазгай гэгчээр анхнаасаа хууль бус шийдвэр гэдгийг нотлох дараагийн баримт бол цаг хугацааны хувьд Улаанбаатар хотод гарсан засаг захиргааны акт 1500 км алслагдсан Ховд аймагт нэг өдөр дэмжээгүй тухай болон шийдвэрлэсэн гэх шийдвэр гарсан нь өөрөө эргэлзээг төрүүлэх хамгийн эхний алхам. Учир нь ийм хариуцлагатай шийдвэр гарсан даруйдаа буюу тэр өдөртөө Ховд аймгийн Засаг даргын гарт хүрээд тухайн аймгийн Засаг даргын татгалзсан шийдвэр мөн тухайн өдөртөө гарна гэдэг алслагдсан бүс нутагт оршдог Ховд аймгийн тухайд ховор тохиолдол. Энд ёстой л нөгөө арын хаалга, хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөлөл байсан нь дамжиггүй гэх хардлага төрүүлж байгаа юм. Учир нь “Сод Маргад” ХХК-ны захирал Э.Батшугар нь тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын хүү юм. Тэгэхээр ерөнхийлөгчийн нөлөө, оролцоо байсан гэдгийг хардах нэг үндэслэл болж байна. Тодруулбал, “Сод Маргад” ХХК ны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Эс Си Эн Майнинг” ХХК бөгөөд “Эс Си Эн Майнинг” ХХК-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Эскон” ХХК юм. Эскон ХХК-ны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Энхбаярын Батшугар юм. Тэгэхээр дээрх нотолгоог тайлах нэг үндэслэл энэ байна. Дээрх хууль бус асуудлуудтай холбоотойгоор Дуут сумын ИТХ-аас Нийслэл дэх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэндээс “уг асуудлыг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт хандаж шийдвэрлүүлэх нь зохилтой. Учир тухайн газрын дэргэдэх хэлтсээс гарсан шийдвэр тул түүнийг харъяалах дээд шатны байгууллага хянаж үзээд шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв дээд шатны байгууллага хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй бол дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэх хариуг өгчээ. Тиймээс Дуут сумын ИТХ-аас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт дээрх асуудлуудтай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж өгөхийг хүсч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 26 тоот албан бичгээр гомдол гаргаад байна.
Хэрэв Ашигт малтмалын газраас Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гомдлыг хүлээн авч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1166 дугаар шийдвэрээ хүчингүй болгосон тохиолдолд “Сод Маргад” ХХК хайгуулын үйл ажиллагаа хийх боломжгүй болох юм.
Түүнчлэн Ашигт малтмалын газраас ирэх хариунаас шалтгаалж Дуут сумын ИТХ-аас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандах эсэх нь тодорхойлогдоно. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6340 дүгээр захирамжаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн талаар Ашигт малтмалын газрын даргад хандах шаардлагатай болсныг дээр дурдсан. Гэвч шүүхэд гомдол гаргах сумын ИТХ, ЗДТГ-ын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.
Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолоор сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан боловч “Сод Маргад” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
Уг үндэслэлээр Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Сод Маргад” ХХК-ийн Дуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарчээ.
Ийнхүү Дуут сумын ИТХ болон Засаг даргаас дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг хийлгэхгүй байх чиглэлээр холбогдох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгааг албан бичгүүдээс харж болно. Түүнээс гадна олон нийтийн дунд яригдаж байгаа шиг сумын удирдлагууд компанид зөвшөөрөл өгсөн мэтээр яригдаж байгаа асуудал бол буруу ойлголт гэдгийг онцлох нь зүйтэй байх. Учир нь тухайн компани авсан лицензийнхээ дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар холбогдох мэргэжлийн байгууллага болон сумын удирдлагуудад хандсан бичигт сумын Засаг дарга зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүнийг тэрээр тайлбарлахдаа “сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх эрх байхгүй. Харин баталсан тухайн эрх зүйн актийг цуцлах эрх нь байдаг учраас эхлээд батлаад дараа нь хуулийн дагуу үргэлжлүүлээд цуцласан” гэв.
Өөрөөр хэлбэл, Тухайн хайгуулын үйл ажиллагаа хийх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г баталсаны дараа Дуут сумын ИТХ-аас 2019 оны 08 сарын 21-ны өдрийн 3/1 тоот тогтоолоор “Ашигт малтмал эрэх, хайх ажилд дэмжлэг үзүүлэхээс татгалзах тухай” шийдвэр гаргасан байдаг. Энэ дагуу сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 23-ны өдрийн А/64 тоот захирамжаар “Захиргааны актыг цуцлах тухай” албан бичиг гаргаж “Сод маргад” ХХК-д энэхүү шийдвэрээ хүргүүлсэн гэх зэрэг хуулийн хүрээнд тодорхой алхмуудыг хийж ирсэн байдаг.
Харин асуудлыг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэх дараагийн эрх хэмжээ нь одоогийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт тулж очоод байгаа юм. Тиймээс анхнаасаа хууль зөрчин гаргасан шийдвэрээ дахин эргэн харж, орон нутаг дахь засаг захиргааны шийдвэрийг хүндэтгэн, үүсээд буй нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Ховдчууд нэхэн хүлээж байна. Ийнхүү орон нутаг дахь иргэдийн болон ИТХ-ын саналыг харгалзахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан тохиолдлууд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт цөөнгүй байдаг. Энэ нь эргээд орон нутагт дахь үүсээд буй асуудлуудад олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, хууль бус шийдвэрийг мэдээлэлгүйн улмаас даамжруулж түүнийг нь дагахаас өөр аргагүй байдалд хүргэх зэрэг тохиолдол гарсан байдаг. Тиймээс энэ мэт “арын хаалга”-ны шийдвэрүүд гаргахгүй байх нь юу юунаас чухал байгаа бөгөөд үүдийг нь тогшиж буй “хууль бус шийдвэр”-ээ буцаан залруулах шаардлагатай байгаа билээ.
Мөн нөгөө талаар орон нутагт үүсээд буй энэхүү асуудлыг улс төржүүлж, мушгин гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлж буй тохиолдлууд ч бий. Тиймээс асуудалд бодитой, баримттай хандаж, эргэцүүлэн тунгааж дүгнэлт хийх нь зүйтэй юм. Өмнө нь 2010 оны үед хайгуул хийхээр ирж 8 өрөм тавьж байхад одоогийнх шиг ингэж олон нийтээр хошуурч, хүн болгон хошуугаа хөдөлгөж байсан бол дээрх хууль бус үйлдлийг тухайн үед шийдвэрлэх боломж байсан байх. Тиймээс асуудалд хошуу нэмэхээс илүүтэй хуруу нэмж байх нь юу юунаас илүү чухал зүйл гэдгийг дахин онцлох нь зүйтэй бизээ.
Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэр Бүргэдтэй хайрханд Монгол орны Улаан ном болон нэн ховор амьтан ургамлын жагсаалтад багтсан янгир ямаа, ооч ёл, идлэг шонхор, алтайн хойлог, өгөөлэй шулганаа, нөмрөгт банздоо, суусар, булга болон бусад амьтан ургамал бий. Түүнчлэн эндхийн гол нь алдарт Буянт голын эх ундрагыг бүрдүүлдэг гэдгийг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажлын төлөвлөгөөнд заагдсаны дагуу өрөмжлөг хийх газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байгаа тул хайгуулын ажил хий боломжгүй ажээ. Тиймээс Дуутчууд энэхүү шүтээн хайрханаа хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй гэдэг хатуу байр суурин дээр байгааг Газрын тосны хэрэг эрхлэх газар болох холбогдох албан тушаалтнуудад анхаарна бизээ.
Ж.САРУУЛ