ГЭГЭЭН ЦАГААН ӨДРӨӨР ХҮН БАРЬЦААЛСАН ГЭМТ ХЭРЭГ ЯАГААД ГАРАВ

Ховд аймгийн төв Жаргалант суманд өнгөрөгч Бямба гараг буюу 10 сарын 19-ны өдөр хүн барьцаалж дээрэмдэх зорилгоор авч явсан гэмт хэрэг гарсан билээ. Энэ тухай Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулгаас дараах тодруулга мэдээллийг авлаа. 

-Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Яг хэдний өдөр хэрхэн яаж үйлдэгдсэн бэ?

- 10 сарын 19-ны өглөө 8 цагийн орчимд Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр буюу Талын буудлаас урагшаа Зах руу чиглэсэн замаар хохирогч С машинтайгаа явж байхад араас нь жижиг машин тулаад шүргэх үед нь машинаасаа буугаад арын машин дээр очтол машин доторх хүмүүс бууж ирээд хутга тулган машиндаа суулгаад явсан байгаа юм. Ингээд мөн хохирогчийн машиныг нэг этгээд нь унаад Ховдоос гарч Увс аймаг руу явсан байсан. Тэгээд Увс аймаг руу ороод тэндээсээ Завхан аймгийн Сонгино суманд явж байхад нь манай Цагдаагийн хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тухайн газар дээр саатуулан баривчилсан. Ийнхүү бүлэг этгээдүүдийг баривчилж Ховд аймгийн 457 дугаар Хорих ангийн Цагдан хорих ангид саатуулан хэргийн мөрдөн байцаалтыг явуулж байна. Харин хохирогчийг Улаанбаатар хот руу өчигдөр эмнэлэгт үзүүлж, шинжлүүлэхээр явсан.  

- Анх уг хэрэг гарсныг хэзээ, хэрхэн яаж, хэн мэдсэн бэ?

- Өдөр 12 цагийн үед хохирогч С-ын ар гэрээс манай Цагдаагийн газарт дуудлага өгсөн байдаг. Өглөөнөөс хойш утас нь холбогдохгүй сураггүй байна гээд. Тухайн өдөр төлөвлөсөн ажил байсан юм шиг байгаа юм. Тэгээд манай Цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж шуурхай арга хэмжээ авсан.

- Бүлэг этгээдүүдийн хувьд хаанахын ямар харъяалалтай, юу хийдэг хүмүүс вэ?

-Бүгд Хэнтий аймгийн Харъяалалтай хүмүүс байсан. Тодруулбал, 17-19 насны 3, 55 настай 1 этгээд бүлэглэн уг хэргийг үйлдсэн.

-Хохирогчид яг ямар гэтмэл учруулсан бэ?

-Мэдээж сэтгэл санааны хувьд их цочиролд орсон байгаа байх. Хөл гаранд нь хөнгөн хэлбэрийн мэсний гэмтэл учруулсан байсан. Үйлдэгдсэн хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа тул шинжээчийн дүгнэлт гартал өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

                                                        ХОХИРОГЧ ХЭН БЭ?

Ийнхүү Ховд аймагт гарсан энэ гэмт хэрэг бол олон нийтийг сэртхийлгэсэн, олны анхаарал татсан хэрэг болоод байна. Гэгээн цагаан өдөр аймгийн төв дотроос хүн барьцаалах гэмт хэрэг үйлдэгдэнэ гэдэг бол иргэдийн өдөр тутмын аюулгүй байдалд заналхийлсэн, айдаст автуулсан зүйл яах аргагүй мөн. 

Хохирогч Ш.Сурмаажавын хувьд Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхай, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захирал юм. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын зарим байр орон сууцнууд өнөөдрийг хүртэл халаалт дулаангүй байгаа “асуудлын эзэн” билээ. Цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийдэггүй. Жилийн жилд л халаалтын үе эхлэхэд засвар, эвдрэл гэмтэл нэрээр халаалт дулааны тухай гомдол санал хөвөрдөг байдал Ховд аймагт жирийн үзэгдэл мэт болсон. “Халаахгүй, хөлдөөхгүй” гэсэн зарчимтай гэж ярьдаг жуг жуг яриа энэ жил ч гэсэн давтагдаж байна. Одоогийн байдлаар буюу 10 сарын 22 гэхэд халаалтгүй газрууд нэлээд бий. Энэ мэт асуудлаас үүдэн сүүлийн жилүүдэд Ховд аймгийн иргэд, төр захиргааны байгууллагуудын зүгээс дулааны станцыг төрд буцаан авах тухай асуудал, яриа багагүй гарч байгаа ч нэг л “барьцаа” олж өгөхгүй байгаа. Учир нь асуудал үүсэх бүрт Эрчим хүчний яамнаас “менежментийн баг” ажлуулах хүсэлтэй байдаг ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй явна. 

Харин дулааны станцын анхны хувьчлалын талаар дурдахад, 2008 онд хувьчилсан байдаг ч тухайн үеийн бичиг баримт архивт бүрэн хадгалагдаагүй, өмч хувьчлалын хувьд эргэлзээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, хууль бус үйлдэл их харагддаг. Гэтэл энэ асуудал ч гэсэн өнөөдрийг хүртэл сөхөж гаргаж ирж, шийдвэрлэхгүй байгаа нь энэ хүний “арын хаалга”, “улс төрийн нөлөө” хэрхэн байгааг харах боломжтой. Ойролцоогоор тухайн үед 300 орчим сая төгрөгөөр хувьчлан авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг. Гэхдээ мань хүн одоо уг дулааны станцыг зарахдаа хүрвэл 7 тэрбум орчим төгрөгөөр зарна гэж дуугардаг байсан ч сүүлийн жилүүдээс зарах, төрд буцаан өгөх тухай ярихаа больсон байдаг. Учир нь энэ жил түүний хэлж байгаагаар аймгийн төвийн зарим төв шугаманд нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийж байгаагаа мэдэгдсэн. Ингэж Ховдын ард түмний амны уншлага мэт болсон халдаггүй, хөлддөггүй халаалтын зовлонг шуудхан хэлэхэд “хатуухан эдлүүлж” байгаа хүн гэж хэлж болно. Тухайн хүний асуудал бол нэг иймэрхүү.

                                                       ХЭРЭГ ҮЙЛДЭГЧИД ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЯАГААД ЗОРИВ

Мэдээж хүнийх нь хувьд хэн ч гэсэн барьцаалуулсан гэхэд санаа зовнилгүй л яахав. Гэхдээ үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэгтнүүдээс харахад тэр алс холоос зорин зорин ирчихээд гэгээн цагаан өдөр аймгийн төв дотроос, энэ олон замын камернуудад өртөнө гэдгээ яагаад тооцоолоогүй вэ?

Тухайлбал, Өглөө 8 цагаас аймгийн төвөөс баривчилж авч яваад Увс аймаг оруулаад тэндээсээ Завхан аймаг руу явсан байгаа юм. Тийм гэнэн томоогүй байтлаа тэр холоос зорин ирээд хүн барьцаалах уу, үүний цаад шалтгаан юу байв? Ямар мөнгөтэй хүн мундсан биш. Тэгээд ч одоо цагт бэлэн мөнгө биедээ авч явах хүн ховор. Данс тооцооноос мөнгөө гаргах гэж байтал баригдана гэж тооцоолоогүй юу? Түүнээс гадна дугаар, бүртгэл машинтай нь авч явж байтал баригдах вий гэсэн тооцоолол байхгүй байсан уу? гээд эргэлзэх зүйл их байгаа юм. Мөн сайтуудаар мэдээлж байгаа шиг хохирогчийн гуянд хоёр удаа хутгалсан гэдэг нь бас худал мэдээлэл байв. Харин тэрээр хөнгөн хэлбэрийн мэсний шархтай байжээ. Өчигдө буюу 10 сарын 21-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд өнөөдрөөс эмнэлэгт үзүүлж байгаа гэж түүний ар гэрээс мэдээллэв.

Магадгүй “хувь хүний хардах эрх”-ийг өнөөдөр хуулиараа эдэлж байгаа нөхцөлд нэг зүйлийг тодруулахад үүнийг зохион байгуулагч нь хэн байв гэдгийг урвуулж харах бодолтой олон хүн байгаагийн нэг нь сэтгүүлж миний бие. Тодруулбал, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ийн 19 дүгээр зүйлд заасан байдаг. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээнүүдийн нэг. Хэрэг үйлдэгчид тэгэхээр Хэнтийгээс Ховдыг яагаад зорих болов. Эзний захиалгаар уу, адийн сэдлээр үү гэдгийг хууль шүүх нь тодруулна байх. Юутай ч ийм нэг гаргалгаа олны дунд байгааг сонордуулъя. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир зохион байгуулалттай биш л бол тун удахгүй хууль шүүхийн байгууллагын шийдвэр үнэн зөв, ил тодоор гарах байх гэж найдая. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 12:26:50
17 + 14 = нийлбэрийг ол!