ГАДНА ТОХИЖИЛТГҮЙ, ЧАНАРГҮЙ БАРИЛГА ХҮЛЭЭЖ АВСАН УЛСЫН КОМИССЫН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЪЯ

Сүүлийн жилүүдэд орон сууцнууд ихээр баригдаж байгаа энэ цаг үед иргэд байр орон сууцаа ихэвчлэн банкны зээлээр авч олон жил зээлийн дарамтанд амьдарч байгийн хажууд чанаргүй, бүрэн бус барилгуудын балгаар хохирч байгаа явдал их байна. Нэг талаар иргэд эд хөрөнгөтэй болж, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр өнөөх барилгууд нь чанар муутай, орчин нөхцөл бүрэн хангагдаагүй байх сөрөг үр дагаврууд их байна. Оршин суугчдын хувьд зөвхөн дотор бүрэн бүтэн байдалд анхаарч гадна тохижилт үйлчилгээнд төдийлөн ач холбогдол өгч шахаж шаардаж чаддаггүй билээ. Үүнээс шалтгаалан барилгын гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай хийгдэхгүй орхигдоод байгаа тохиолдол Ховд аймгийн Жаргалант суманд түгээмэл зүйл боллоо. Жишээлбэл, 2013 оноос хойш Ховд аймгийн  Жаргалант суманд 4-9 давхар бүхий 1856 айлын орон сууц ашиглалтанд орсноос 2015 оноос хойш нийт 1345 айлын орон сууцыг 20 гаруй компани ашиглалтанд оруулсан буюу Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Дээрх орон сууцнуудын 80 гаруй хувь нь гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайгүй байгаа нь анхнаасаа төрийн хяналт дутуу хийгдэж, компаниудад зохих шаардлага шалгуурыг тавьж чадаагүй өдийг хүрснээс шалтгаалжээ.

Жишээлбэл, хамгийн сүүлд баригдаж буй томоохон хотхон болох Жаргалант сум Магсаржав багт байгуулагдсан Гэрэлт хотхоны байр орон сууцнуудын гадна тоглоомын талбай, тохижилт хийгдээгүй явдлыг дурдаж болно. Энд нийтдээ 7 компаний барьсан 200-гаруй айлын орон сууц гаднаа бургисан шороо, эмх цэгцгүй гудамж, хотхоны зам талбайн бүрэн бус байдал, эрээвэр хураавар өнгө төрхтэй байгаа нь барьж байгуулагдсан цагаасаа хойш хоёр дахь жилийнхээ нүүрийг үдлээ. Энэ байдал нь хоёр ч төрийн нүүр үзэхдээ тэр их хяналт шалгалтын хаагуур нь өнгөрөөд байгааг гайхаад сууна.

Тухайлбал, нэг барилгын жишээн дээр авч үзэхэд “Ховд Юхо” компаний барьсан 15 айлын 1, 2-р ээлжийн орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсгийн дүгнэлт буюу хурлын тэмдэглэлд дурдсанаар гадна тоглоомын талбай, тохижилтыг тодорхой хугацаанд хийх үүрэгтэйгээр барилгыг хүлээн авах, ашиглалтад оруулах саналыг  илэрхийлж ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар тухайн барилгыг хүлээн авчээ. Энэхүү барилгыг хүлээн авсан2018 оны 1 сарын 23-ны өдрийн улсын комиссын дүгнэлтэнд дурдсанаар тодорхой хугацаанд буюу дулааны улирал эхлэх үе болох 2018 оны 5 сарын 05-нд дутуу ажлыг гүйцээн хийж хүлээлгэн өгөх, засч сайжруулах үүрэг даалгавар өгөгджээ. Гэтэл үүнээс хойш дахин нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад тухайн үүрэг даалгавар биелэгдээгүй байгаа нь төр захиргааны байгууллагын ажлын үүрэг хариуцлага, эргэх холбоо байхгүйгээс болсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн энэхүү байдал нь Үндсэн хуульд заагдсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, Барилгын тухай хуулинд заасан барилгын гадна тохижилт пассадны бүрэн бүтэн байдал хангагдаагүй, барилга хүлээн авах, ашиглалтанд оруулах норм, дүрэм журмыг зөрчсөн байгаа нь дээрх актыг хүчингүй болгуулах, биелэлтийг хангуулах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах бүрэн үндэслэл болж байна.

Энэ мэтчилэн тус хотхоны буюу “ГЭРЭЛТ ХОТХОН”-д хамаарах 4-5 давхар бүхий 7 компаний барьсан 200 орчим айлын орон сууцны гадна тоглоомын талбай хийгдээгүй байна. Тус хотхонд одоогийн байдлаар “Динатос” ХХК-ны барьсан 24 айлын “Алтан жолоо” орон сууц, “Богоч констракшн” ХХК-ны барьсан 24 айлын орон сууц, “Эрдэнийн шим” ХХК-ны барьсан 24 айлын орон сууц, “Гулзатын шил” ХХК-ны барьсан 24 айлын орон сууц, “Ланз” ХХК-ны барьсан 15 айлын орон сууц, “Сац гурван хайрхан” ХХК-ны барьсан 15 айлын орон сууц гэх зэрэг барилгууд баригдаж ашигланд оржээ.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр оршин суугчид болон СӨХ-ны зүгээс гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайг хийлгэх талаар барилгын компаниудад шаардлага тавьдаг ч компаниудын зүгээс төдийлөн сэтгэл гаргаж дутуу ажлаа гүйцээж хийдэггүй тохиолдол олон бий. Аргагүй шүү дээ. Тэднийг гол хянаж шалгадаг газрууд нь шаардлагаа бүрэн тавьж, асуудлыг цэгцэлж чадахгүй байхад жирийн иргэний үг усанд хаясан чулуутай адил байх байлгүй. Гэхдээ үүний цаана компаний нийгмийн хариуцлага гэх зүйл байх ёстой ч үүнийгээ ойлгож, ухамсарладаг явдал тэдэнд байна уу гэвэл эргэлзээтэй.

Дээрх жишээнүүдээс харахад барилга орон сууц ашиглалтанд хүлээн авч байгаа улсын комиссын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаагаас үүдэн гадна тохижилтыг хийхгүй байж болох юм байна гэсэн буруу жишгийгХовд аймагт тогтоож байна. Ийнхүү гадна тохижилтгүй хийгдсэн орон сууцнуудын ашиглалт үйлчилгээг компани хариуцах 3 жилийн хугацаа өнгөрөнгүүт орон нутгийн төр захиргааны байгууллага, ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс зарим газруудад төсвийн хөрөнгөөр гадна тохижилт хүүхдийн тоглоомын дутуу хийгдсэн ажлуудыг нь нөхөж хийж байгаа тохиолдол бий. Энэ нь эргээд төсвийн үр ашиггүй зардал бий болгож байна. Мөн гадна тохижилтын бүрэн бус байдал нь зарим талаар газар зохион байгуулалт болон байр орон сууцны стандарт талбай мөрдөгдөөгүйгээс буюу анхнаасаа барилга эхлэх зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй акт үйлдсэний улмаас талбайн хэмжээ хязгаарлагдмал байдал нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах боломжгүй байдлыг ч үүсгэж байна. Тиймээс барилгын ажлыг эхлүүлэх болон хүлээн авах шийдвэр гаргахдаа улсын комиссын шаардлага хууль, журмын дагуу мөрдөгдөж байх нь нэн чухал байгаа юм. 

Ийнхүү холбогдох албан тушаалтнууд хууль бус дутуу дундуур шийдвэр, захиргааны акт гаргах замаар нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж, хэн нэгний юмуу, мөнгөтэй компаниудын эрх ашигт үйлчилдэг гэж хардах үндэслэлтэй юм.

Нөгөө талаар төрийн бүтцэд буй хяналтын үүрэг бүхий байгууллага, нэгжүүд /аймгийн ГХБХБГ, МХГ, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/нь нутгийн удирдлагын болон төр захиргааны байгууллагыг удирдаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлага сул байгаагийн илрэл. Тухайн ажлыг хүлээж авсан хүн нь эргээд өөрөө өөрийгөө шалгах, шаардах системтэй болохоор дургүйд хүчгүй гэгчийн үлгэр энэ юм.

Цаашлаад энэ мэт асуудлуудыг ажиглаж, хянаж, илчилж, засаж залруулдаг хөндлөнгийн ямар нэг байгууллага нэгж байдаггүй төдийгүй иргэд бүрэн гүйцэд, тодорхой мэдээлэлгүйн улмаас олон нийтээр хохирч байна.

Тэгэхээр иргэд яах ёстой вэ? Өөрсдийг нь төрд төлөөлж байгаа төрийн хяналтын чиг үүрэг бүхий албан тушаалтнууд нь ийнхүү ажлаа бүрэн гүйцэд хийхгүй байгаа нь тэдний хувьд эс үйлдэхүй хэмээх гэмт хэрэг үйлдэж байгааг хэрхэн таслан зогсоох вэ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчилан дутуу гүйцэтгэлтэй ажлуудыг “УЛСЫН КОМИСС”-ийн гишүүд ямар нүдээрээ хараад, хэрхэн яаж дүгнээд хүлээж авсан болох нь тодорхойгүй байгаа юм. Мөн заагдсан хугацаанд нь үүрэгт ажлаа хийхгүй байгаа асуудлуудад нь өнөөдрийг хүртэл яагаад шахаж шаардахгүй, нөхөж хийлгэхгүй байна вэ. Тэдэнд ямар ашиг сонирхол, ар өврийн хаалга үйлчлээд байгааг олон нийтийн өмнөөс асуумаар байна.

Уг нь барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль журмуудад энэхүү гадна тохижилт, байр орон сууцны чанар бүрэн бүтэн байдлын тухай тодоос тод дурдсан байдгийг мэргэжлийн гэх тэд мэдэж баймаар сан. Хуулийн маш тодорхой заалтуудыг зөрчсөн, хууль хөсөрдүүлсэн, нийтийн эрх ашгийг үл тоомсорлосон зүйлүүдэд аймгийн төр захиргааны байгууллагуудын өөрсдийн гаргасан шийдвэрийн улмаас иргэд хохирсоор байх ёстой юу, аймгийн Засаг дарга аа. Таны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Улсын комиссийн гишүүд чинь зүүдэндээ гарын үсэг зурчихдаг юмуу. Эсвэл олон нийтийн хэлээд байдаг шиг халаасандаа хэдийг авчихаад гарын үсэг зурчихдаг юмуу. Учрыг олж, хэрэгжилтийг нь хангаж өгнө үү. Ингэж нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа Улсын комиссын гишүүддээ холбогдох арга хэмжээг авч, бүрэн бүтэн барилга хүлээн авдаг болгож хуулиа мөрдүүлж өгөхийг иргэд олон нийт хүсэн хүлээж байна. 

"ННФ-ын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн гаргав" 

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2019-10-30 13:14:16
6 + 13 = нийлбэрийг ол!
user profile
Зочин 1 year ago 64.119.19.74

Тоглоомын талбай, авто зогсоол, хогийн цэггүй орон сууцыг угаасаа хүлээж авахгүй байх нь зөв. Дараа нь Улсын төсөв ОНХС хөрөнгөөр тэдний дутууг нөхөж явхаа боль.

user profile
ub 6 months ago 182.160.2.30

ub hotig bas shalga

user profile
Зочин 1 year ago 66.181.161.68

Улсын комисс барилгын компани 2 нь найзаа дундаа орчихсон болоод л ийм байгаа ш дээ

user profile
зочин 1 year ago 66.181.168.81

тэр нэг өмхий санаатай казак өмиртэй гэж нэг авлига авсан новшоос өөр олигтой юм алга уу

user profile
Orshin suugchid 1 year ago 202.126.89.166

Mash zuv medeelel.ulsin komiss mash muu ajillaj bn.hanand ni emulis turheegui ugaalgin uruu ni hataagchgui bairig ulsin komiss huleen abaad bn shuu.uunii tsaana ashig sonirholin zurchil tod ybagdaj bgaa gj bodoh yum.

user profile
Зочин 1 year ago 202.179.31.62

ийм юм аа засаасай билээ

user profile
Зочин 1 year ago 185.220.101.7

yasan zavaan gazar be

News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа