Н.Ариун-Эрдэнэ: Дараах гурван хэрэгцээний нэг нь л хангагдахгүй бол хүний сэтгэцэд асуудал үүсдэг

Өнөө цагт сошиал орчин, хүмүүс хоорондын таагүй харилцаа зэрэг янз бүрийн шалтгаанаар нийгэм стресс бухимдалтай байх болжээ. Ийм үед хувь хүн яаж сэтгэл зүйгээ эрүүл байлгах талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Хувь хүний эрүүл сэтгэл зүйг хэзээнээс бэлдэж эхлэх вэ. Магадгүй ээж хүүхдээ тээж байхаас эхлэх үү?

-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. Гэр бүлийн орчинд бол эрүүл сэтгэл зүйг бүр багаас нь л бэлдэнэ. Ээж хүүхдийг хэвлийдээ тээх үеийн хугацаа ч маш чухал нөлөөтэй.  

Эх хүүхдээ тээж байх явцдаа маш уур бухимдал, стресстэй, хайр халамжийг мэдрээгүй бол цусанд кортизол гэдэг даавар ялгарч хүүхдийн бие болон тархины хөгжилд болон эрхтэн тогтолцоонуудад ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл санааны тогтворгүй байдалтай байгаа эх жирэмсний эхний гурван сарын хугацаанд зулбах эрсдэл өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Манай төвд хандаж зөвлөгөө авч байсан ээжүүдийн өнгөрсөн амьдралаас энэ судалгаа нотлогдож, хүүхэд нь ууртай, зан аашны өөрчлөлттэй, оюун ухааны хувьд хоцрогдолтой байдаг.

Өөрт тулгарч байгаа асуудлаа шийдэж чадахгүй маш их стресс, уур бухимдалтай үедээ, гэр бүлийн төлөвлөгөө байхгүй, бусдын хүчирхийлэлд байхдаа, эхний харилцаагаа дуусгаагүй дараагийн харилцаагаа эхлүүлээд жирэмсэлдэг зэрэг нь тухайн эх өөрийгөө болон хүүхдээ хэцүү байдалд оруулдаг.  

-Хүн эрүүл сэтгэл зүйтэй байхад юу нөлөөлдөг вэ. Өссөн төрсөн орчин нөлөөлөх үү?

-Амьдралд хүний үзэл бодол, харах өнцөг, мэдлэг боловсрол, уулзаж учрах хүмүүс байнга л өөрчлөгдөж, нэмэгдэж, хувирч байдаг. Харин нэг л зүйл өөрчлөгдөхгүй ба тухайн хүнийг илэрхийлж байдаг зүйл бол төрсөн орчноос авсан хүмүүжил төлөвшил юм.

Багадаа маш их зодуулдаг хүүхэд нас биед хүрсэн хойноо нийгмийн бүрэн бүтэн гишүүн байхад зайлшгүй хэрэгтэй тархины чадавхиуд хөгжиж чадахгүй, сэтгэцийн хувьд насан туршийн ноцтой гэмтэл авдаг. Өөрөөр хэлбэл хүнтэй харилцахдаа хөндлөнгийн хүний сэтгэл ямар байгааг огт мэдрэхгүй, хайрлаж мэдэхгүй, бусдыг хүндлэхгүй, ойлгохгүй, хүйтэн, хөндий нэгэн болж хүмүүждэг. Ганц зодуур ч биш ер нь бол хүүхдийг үл хайхарсан хандлага харилцаа нь хожмын нас биед хүрсэн хойно нь маш олон асуудлыг дагуулдаг.  

Хүнд бие махбодийн болон сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Хүн бүрт 3 төрлийн сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Хайрлах, хайрлуулах, харьяалагдах, сэтгэл хангалуун байх хэрэгцээ юм. Энэ гурван хэрэгцээний аль нэг нь хангагдахгүй байхаараа л өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсэж эхэлдэг. Жишээ нь, гэр бүлийн орчинд ээжийн сэтгэлээсээ хийсэн амттай сайхан хоолыг идэж, сэтгэл хангалуун байх хэрэгцээ нь хангагдаагүй бол хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсэж эхэлдэг. 

-Хүмүүсийн таагүй харилцаа, ёс бус үйлдлүүд нийгэмд таагүй уур амьсгал бүрдүүлж байна. Тэр нь зарим хүмүүсийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа юм. Тэгэхээр ийм үед хүмүүс яаж сэтгэл зүйгээ эрүүл байлгах вэ?

-Бид энд нэг л зүйлийг огт ойлгохгүй байгаад байдаг. Зөвхөн өөрөө, хүүхэд нь л болж байвал болоо гэдэг аминчхан үзэлтэй байдаг. Жишээ нь замын түгжрэлд яваа жолооч өөрөө л явж байвал болоо гэсэн шиг бусдын урдуур дайрах, дохиогоо дуугаргах, бусдыг дайран доромжлох энүүхэнд байдаг. Яг үнэндээ тэр хэсэгт болж байгаа үйл явдал жолоочийн ч, миний ч, таны ч сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг. Бид нийгэмдээ бие биедээ хариуцлага хүлээж байдаг гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Та эрүүл байвал би, бид эрүүл байна шүү дээ, тийм биз дээ.

Сэтгэцийг эрүүл байлгадаг зүйл нь ердөө л би ганцаараа биш бид гэдэг харилцаа хандлага, хайр энэрэл, хүндэтгэл, урам дэмжлэг гэх мэт зүйлүүд багтана.

-Нийгмийн сөрөг зүйлүүдээс хүмүүс өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалж болох талаар зөвлөгөө өгөхгүй юү?

Сэтгэц эрүүл байвал өөрийгөө болоод гэр бүлээ халамжлах, бэрхшээлийг давах, ирээдүйгээ төлөвлөж, бусадтай харилцаагаа хэвийн хэмжээнд авч явна аа гэсэн үг юм.

Нийгэмд хүн бүр өдөр болгон сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөж байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалъя гэвэл өдөр тутам нийгэмд тохиолдож байгаа энэ бүх асуудал, стрессээс өөрөө өөрийгөө хамгаалахгүй бол сэтгэцийн эмгэгтэй болох магадлал ихсэж байна гэсэн үг. Өөрийгөө хамгаалмаар байвал өөрийгөө л өөрчилж сайжруулмаар байна. Бусдыг өөрчлөгдөхийг хүлээвэл бид улам л эрүүл мэндээрээ хохирно. Тиймээс эхлээд өөрөө өөрчлөгд. Цэвэр сайхан орчинд амьдармаар байвал өөрөө шүлсээ, цэрээ, хогоо бүү хая. Нийгэм эрүүл байж хүн эрүүл явдаг.

Гэр бүлийн орчинд бол өөрөө хайрлуулмаар байвал эхлээд хайрла, хүндэл, цаг гарга, урам өг, дэмж. Бусдын сэтгэл хөдлөлийг мэдэр, хуваалц, сонс, ярилц, ойлгоорой.

Бид ухаалаг байж, бие биедээ үүрэг хариуцлага хүлээж байж урт удаан насалж, аз жаргалтай, тайван амьдарч энэ бүх сөрөг зүйлийг шийдэж чадах юм.

-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

сүүлд засварлагдсан 2024-04-19 18:42:26
19 + 18 = нийлбэрийг ол!