НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ДЭХ ИРГЭДИЙН БҮЛГИЙН ОРОЛЦООНЫ ҮР ДҮН

Хэрэглэж болохгүйг сонссон ч хэрэглэсээр байгаа буруу дадал  

“АХУЙН ХЭРЭГЛЭЭНД ХУВАНЦАР САВ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА” энэ уриалыг бид уг нь нэлээдгүй хардаг, сонсдог, үздэг. Гэтэл яг бодит байдал дээр хэрэглээнээсээ зуун хувь хассан нь хэд билээ. Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг хэрэглэж байна. Бидний өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг хуванцар савыг төрөл бүрийн технологи, зориулалтаар үйлдвэрлэдэг.

Тэгвэл хуванцар саванд хонуулсан усыг шинжлэхэд байх ёстой хэмжээнээс төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми 3-4 дахин, айрагт 4,4 дахин их байгаа нь амь насыг маш ноцтойгоор заналхийлж байна. 

Цэнхэр саванд хар тугалга гэхэд 39 мянга дахин их байдаг. Удаан байлгах тусам хорны хэмжээ ихэснэ. Энэ нь мэдрэлийн тогтолцоо, сэтгэн бодох чадвар, бөөр, элэг, шүд, ясны сийрэгжилт, ходоод гэдэс, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судсыг гэмтээж мөөгөнцөр харшил үүсгэдэг. 

Мөн монгол хүүхдүүдийн цусанд хар тугалга 5 мкг/дл байх ёстойгоос 16мкг/дл байгаа нь аймшигтай. Энэ нь IQ буюу сэтгэн бодох чадварыг муутгадаг. Цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ нэмэгдэж байгаа нь өдөр бүр хүүхдэдээ “барьж” буй хоол хүнс тэр дундаа ус, усаа хадгалж буй савтай холбоотой. Харин Жирэмсэн эхэд: Хүний цус, шээс, ургийн ус, умайн орчин түүнчлэн хүйн цуснаас ВРА илэрдэг. Тус бодисоос үүсэлтэй дараах төрлийн эмгэгүүдийг үүсгэдэг. Үүнд: Бэлэг эрхтэнүүдийн гажиг, Процессын доголдол, үргүйдэл, Хүүхдийн сурах, хөгжих чадвар, Даавраас үүсэлтэй төмсөг, түрүү булчирхай, хөхний хавдар  үүсгэдэг байна. 

Хуванцар савны дээрх тэмдэглэгээнүүд нь тухайн савны гарал, дахин боловсруулах боломжтой эсэхийг заадаг. Гэсэн ч төдийлөн анзаардаггүй, мэддэггүй хэвээр л байна. Мэдэхгүй, анзаарахгүй л яваад байх уу... 

Хувь хүний эрүүл, сайн сайхан байхад амьдрах хэв маяг 50%, гадаад орчин 25%, удамшил 15%, эрүүл мэндийн үйлчилгээ 10% нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Гэтэл манай улсын иргэдийн өвчлөлийн дийлэнх хэсгийг аваад үзэхэд хувь хүний хариуцлагагүй байдал, амьдралын буруу дадал, хэв маягаас хамаарсан өвчлөлүүд нас баралтын тэргүүн эгнээнд явдаг. Тодруулбал, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шалтгааны хувьд нийтлэг урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчин буюу зүрх судас, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах болон амьсгалын замын тогтолцооны өвчлөлүүд дийлэнх хувийг эзлэсэн байна. Тэгэхээр иргэн хүний эрүүл мэндээ хамгаалах үүрэг нь хувь хүний хариуцлагатай салшгүй холбоотой болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иргэн та өөрийн хайхрамжгүй, тоомжиргүй, хариуцлагагүй байдлаасаа болж эрүүл мэнддээ эрсдэл учруулж байна гэсэн үг.  Үүний бодит жишээ болсон бидний өдөр тутмын хэрэглээнд өргөн байгаа хуванцар савны хэрэглээ юм. Тухайлбал, ундны усны хэрэглээнээс авхуулаад хоол унд, аяга шанага, сүү цагаан идээ боловсруулж, худалдаалахдаа хүртэл зориулалтын бус хүний эрүүл мэндэд хортой хуванцар савнуудыг хэрэглэсээр байна.

Хуванцар савны хэрэглээг халж буй

бүлгийн гишүүдийн идэвхтэй оролцоо

Хуванцар савны хэрэглээг халах талаар олон нийтийн дунд уриалга, мэдээлэл багагүй явдаг ч төдийлөн ахиц дэвшилд хүрэхгүй байгаа. Тэгвэл энэ асуудлыг бага ч болов шийдвэрлэхээр нэг багийн түвшинд өрхийн эмнэлгийн дэргэдэх сайн дурын ажилтнуудын санаачилга, оролцоотойгоор ажил хэрэг болж байгаа сайн туршлагыг та бүхэнд хуваалцъя.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн Ж.Гаальчиг гуайн яриаг сонсоод сэтгүүлч би хүртэл тэр бүр анзаардаггүй мэдээллүүдээ олж сонсов. Тэрээр тэтгэврийн насны хүн гэхэд нийгмийн идэвх оролцоог иргэн хүнийхээ хувьд сайн биелүүлж явааг нь хараад бахархмаар. Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн уулзалтан дээр түүний энэ мэдээллийг олж сонссон юм. Тэрээр багийн зарим иргэдтэйгээ хамтран Өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Иргэдийн сайн дурын бүлэг”-т идэвхтэн гишүүнийхээ хувиар анх “Хуванцар савны хэрэглээг” багасгах талаарх санал, санаачилгыг дэвшүүлж улмаар энэхүү санаачилга нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болон амжилттай хэрэгжиж байгаа нь энэ юм. 

Тодруулбал, Ховд аймгийн Баатархайрхан багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх иргэдийн сайн дурын идэвхтнүүдийн санаачилгаар Иргэдийн бүлэг байгуулагдаж багийнхаа иргэдийн дунд хуванцар савны хэрэглээний сөрөг үр дагаврын талаарх мэдээлэл, сургалтыг айл өрхүүдээр орж өгөн бас худгууд дээр яриа таниулга хийж, мөн Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ сургалт хийх замаар нөлөөллийн сургалтуудыг нэг сар гаруйн хугацаанд хийжээ. Энэ хугацаанд сургалтанд хамрагдсан 80 гаруй өрхийн 40 гаруй хувь нь хуванцар савныхаа хэрэглээг халсан нь энэ ажлын үр дүн гарч байгаагийн илэрхийлэл юм.

Энэхүү иргэдийн бүлгийн хийсэн уг ажлыг санаачлагч ахмад настан Ж.Гаальчиг гуай анх хуванцар савны хор уршгийг хэрхэн таньж мэдсэнээ ийнхүү хуучилсан юм. Тэрээр “Би хэдэн жилийн өмнө элэгний өвчлөлийн улмаас нийслэл хотноо элэг тайруулах хагалгаанд орж байсан юм. Тэгэхэд эмч надаас “танайх хуванцар савыг ундны ус болон хоол хүнснийхээ хэрэгцээнд ашигладаг уу” гэж асууж байсан. Би ч ашигладаг тухайгаа хэлэхэд уг өвчлөлийн шалтгаан нөхцөл нь хуванцар савны хэрэглээ гэдгийг тайлбарлаж байсан. Тэгж л анх хуванцар савны хэрэглээг халах ёстой юм байна гэдгийг мэдрээд гэрийнхэндээ хэлсэн. Тэгээд биеэ эмчлүүлээд гэртээ ирсэн чинь гэрийнхэн маань усны сав, шанаганаас эхлээд бүгдийг нь хөнгөн цагаан саваар сольсон байсан л даа. Үүнээс хойш би ойр орчны хүмүүстээ хуванцар савны хэрэглээний талаар их ярьдаг байлаа. Гэтэл нэг удаа багийн Өрхийн эрүүл мэндийн төв дээр болсон иргэдийн бүлэг байгуулж ажиллах тухай уулзалтан дээр миний зүгээс уг асуудлын талаар ярьж бид хуванцар савны хэрэглээг халах зорилгоор ийнхүү ажиллах болсон юм. Хүмүүс бид нар чинь уг нь оюун ухаантай атлаа адуунаас долоон дор байгаад байгаа нь харамсмаар санагддаг. Учир нь хуванцар саванд хийсэн усыг адуу уудаггүй шүү дээ. Тэгэхээр бид адуунаас дордох юу байхав гэх мэтээр бусад шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг ярьж явсан. Хөгшин хүмүүс бид гэртээ зүгээс суугаад яахав. Гэртээ зүгээр сууж байхаар гудамж, хашааныхаа айлуудаар явж энэ талын мэдээлэл, зөвлөгөөг өгөх нь зүйтэй санагдаад багийнхаа бүсгүйчүүдтэй ийнхүү хамтарч ажилласан даа. Хүмүүс мэддэг юм шиг атлаа яг учир шалтгааныг нь төдийлөн мэддэггүй юм байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг л энэ байх” гэсээр хуванцар савны хэрэглээг өөрөө эхэлж халсан тухайгаа учирлаж суув.

  

 

 

Иргэдэд нөлөөлөх хамгийн том хөшүүрэг нь иргэд өөрсдөө    

Энэхүү иргэдийн бүлгийн санаачилга, оролцоотойгоор хийгдэж байгаа дээрх ажлыг багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхмаа хэлэхдээ “иргэдэд нөлөөлөх хамгийн том хөшүүрэг бол иргэд өөрсдөө юм байна. Иргэдийн бүлгийн ажлын үр дүнгээс харж байхад иргэд өөрсдөө яваад айл өрхүүдээр орж бусаддаа мэдээлэл хүргэн, хуванцар савны хэрэглээний сөрөг үр дагаврын талаар ярьж байхад түүнийг нь сонссон хүмүүс маш соргогоор хүлээн авч өөрчлөлтийг хийж байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр иргэдийн оролцооны үр дагавар хаана ч нөлөөлж чадаж байна гэдгийг харах боломжтой юм. 

Манай өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Хандлагаа өөрчилье-иргэдийн түүчээ” нийгмийн эрүүл мэндийг дэмжих сайн дурын бүлгийн санаачлан хэрэгжүүлсэн ажил маш үр дүнтэй, ач холбогдолтой байгааг хараад бахархаж байлаа. Манай эмнэлэгийн зүгээс цаашид энэ бүлгийг Өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх албан ёсны сайн дурын бүлэг болгон ажлуулах тушаал гаргасан. 

Түүнээс гадна энэ бүлгийн санаачилгаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч аймгийн хэмжээнд “Зах худалдааны төвүүдээр өргөн хэрэглэгдэж байгаа сүү, цагаан идээний хуванцар савны хэрэглээг хязгаарлах, худгуудын ус нөөцлөх хуванцар савны стандартад анхаарах, ил задгай, халуун наранд халж хэрэглээнд орж байгаа хүнсний хэрэглээний хуванцар савнуудыг хадгалалт, ашиглалтын стандартыг мөрдүүлэх талаар ажил хэрэг болгож, дорвитой арга хэмжээ авахыг уламжилсан. 

  

Мөн хуванцар савгүй аймаг, сум, баг болох зорилтыг хэрэгжүүлж ажиллах буюу Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг хөрсөн дээр нь буулгаж ажиллахыг уламжилсан хүсэлт хүргүүлсэн байгаа. Эндээс харж байхад цаашид бодлогын түвшинд авч үзэж иргэдийн бүлгийн үйл ажиллагааг Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэлд оруулах нь зүйтэй юм байна гэсэн санал санаачилга ч явж байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдэг нь дээрх үйл хэргээс харагдаж байгаа” гэдгийг онцолж байлаа.  

Ийнхүү иргэд хүсвэл аливаа тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх арга зам байдаг гэдгийг дээрх туршлагаас харж болох юм. Бид дор бүрнээ яриад, дотроо бодоод бухимдаад яваад байхаас илүүтэй нийгэмд, амьдарч буй орчиндоо, бусаддаа нөлөөлөх бодит өөрчлөлт хийх нь иргэдийн оролцоог хангасан энэ нийгэмд боломж нь нээлттэй юм. Хуванцар савны хэрэглэж болох эсэх талаарх тэмдэглэгээг төдийлөн анзаардаггүй явдал түгээмэл харагддаг. Тэгэхээр 1, 5 гэсэн кодыг хэрэглэхэд аюулгүй, 2, 4 нь бага зэргийн хортой бол 3, 6, 7 кодтой бол хорт хавдар үүсгэнэ. Түүнчлэн иргэд хэрэглэж болдог аюулгүй хуванцар саваа ч гэсэн зориулалтын дагуу ашиглаж чаддаггүйгээс хор хөнөөлийг ихэсгэдэг байна. Жишээ нь, усны сав машинд халах, наранд халах, халуун сүү, тос, айраг хийх, удаан хадгалах зэргээс болж Бисфенол А гэдэг хор ихсэх аюултай ажээ.

Ингэж л бидний мэддэг юм шиг атлаа мэддэггүй зүйлсээ анзаарах, сэхээрэх энэ хандлага дутагдаад байгаа нь юу юунаас чухал байгаа билээ. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хичээл зүтгэл гаргасан сайн дурын багийн гишүүдийн үйл ажиллагааны сайн жишиг энэ мэтчилэн үр дүн, өөрчлөлтийг авч ирэхэд чухал нөлөөтэйг дахин онцлоход таатай байна.

  

 

 

Ж.САРУУЛ

сүүлд засварлагдсан 2024-05-20 05:39:02
3 + 20 = нийлбэрийг ол!