Хүн амын ихэнх хувийг эзлэдэг “Хүүхэд залуучуудын орон” гэгдэх Монгол орны хувьд өсвөр залуу үеэ ёс суртахуунлаг, хүмүүнлэг, зөв боловсон хүмүүжүүлэх нь тэдний эрхийг дээдлэн, аливаа гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал билээ.
Гэтэл нийгмийн хүрээн доторх эд хөрөнгийн тэгш бус байдал, амьдралын ахуй орчны ялгаа, гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, гэр бүл салалт, хүмүүсийн хоорондын харилцааны буруу үйлдэл зэрэг нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Хүүхэд томчуудын аливаа үг хэллэгийг сонсон, тэдний үйлдлийг буруугаар тусган авах нь ёс суртахуун, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, эцэг эх, гэр бүлийн гишүүдээс үр хүүхэддээ тавих анхаарал халамж суларснаар хүүхэд багачууд сургуулиас завсардах, сурлага хүмүүжлээр доголдох, хэрэг зөрчилд өртөх, гэмт хэрэг үйлдэх явдал бүх нийтийн анхаарахгүй байхын аргагүй асуудал болж байна.
Хүүхэд ямар гэр бүлд, орчинд өсч хүмүүжснээс тэдний ирээдүйд бие хүн болж төлөвших нь ихээхэн хамааралтай учраас эцэг эхийн үүрэг, оролцоо, гэр бүл, хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа чухал билээ.
Хүүхэд гэмт хэрэгт өртөгдөж байгаа шалтгаан нь тэдний сэтгэхүйн онцлог, тухайлбал амьдралын туршлагагүй, аливаа үйл явдлын мөн чанарт зөв байр сууринаас хандах хандлага, үнэлгээ өгөх чадвар мөхөс, бусдыг дуурайх, уруу татагдах, эцэг эх, ойр дотны хүмүүсээс тэдэнд тавих хараа хяналт сулрах, халамж дутах, сул чөлөөтэй цаг их гаргах, бусадтайгаа нийлж нөхөрлөх, цагийг үр дүнгүй өнгөрөөх, гадуур олноор ажиллаж буй тоглоомын газрууд зэрэг нөлөөлж байна.
Ховд аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сард нийт 397 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 86 буюу 27.7 хувиар өсчээ.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь өмнөх мөн үеийнхээс 3 буюу 0.28 хувь, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь 3 буюу 0.7 хувь, хүчиндэх гэмт хэрэг 8 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 буюу 0.48 хувь тус тус өссөн байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 47 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 буюу 3.29 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь 4 буюу 5.72 хувь өсчээ.
Энэ оны эхний 10 сард аймгийн хэмжээнд нийт 343 хүн гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 88 буюу 8.74 хувь өссөн байна.
Үүнээс 25 эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх оноос 5 буюу 5.0 хувь, 15 хүртэлх насны 44 байгаа нь 41 буюу 1.32 хувь, 16-17 насны 29 хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 24 буюу 1.45 хувь өсчээ.
Нийт 59 сурагч гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх онтой харьцуулахад 50 буюу 5.31 хувь өссөн байна.
Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас нийт 393 хүн хохирсон нь өмнөх оны мөн үеэс 86 буюу 12.06 хувь өссөн ба үүнээс хохирсон эмэгтэй 129 бүртгэгдсэн нь 23 буюу 1.36 хувь өсч, 7 хүртэлх насны хүүхэд 4 бүртгэгдсэн нь мөн оны түвшинд, 8-13 хүртэлх насны хүүхэд 4 бүртгэгдсэн нь 1 буюу 0.04 хувь, 14-17 насны 12 хүүхэд хохирсон нь 5 буюу 0.84 хувиар тус тус өссөн байна.
Насанд хүрээгүй хүмүүсийн хувьд бусдад уруу татагдах, аливаа зүйлийг сонирхон туршиж үзэх сэдэл, эцэг эх, томчуудын буруу үлгэр дуурайлал, тэдний хараа хяналт сул, хүүхдийнхээ санаа сэтгэлийг сонсдоггүй, аливаа асуудлын үнэн зөв, болох, болохгүйг тайлбарлан таниулж чаддаггүйгээс аливаа асуудалд холбогдох нь их байдаг байна.
Иймд хүүхэд багачуудаа хайрлан, гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдох явдлаас урьдчилан сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээ мэдээлэл солилцдог байх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг боловсронгуй болгохын тулд:
- Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагудын уялдаа холбоог сайжруулах,
- Хүүхдийг бага наснаас нь эхлэн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголттой болоход чиглэсэн сургалт сурталчилгааг үр дүнтэй, олон хэлбэрийн болгох
- Хүүхдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, мэргэжлийн хууль, эрх зүйн зөвлөгөө өгдөг төвийг бий болгох
- Хүүхдийн өөрийн удирдлагын болон сайн дурын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах
- Хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх дугуйлан, секцийг олноор байгуулах, түүнд төлбөрийн чадваргүй, гэмт хэрэгт холбогдсон буюу холбогдож болзошгүй хүүхдүүдийг өргөнөөр хамруулдаг байх хэрэгтэй юм.
ХЭҮК-ын Ховд аймаг дахь төлөөлөгч М.Өнөрмаа