МОНГОЛ УДАХГҮЙ “МАЛЧИДГҮЙ” БОЛНО

Удахгүй монголд малчид үгүй болно. “Цөг гэм”... Гэхдээ л ингэж хэлэхээс өөр дүр зураг алга. Энэ үгийг хэлэхэд арай л хатуудсан мэт сонсогдож байгаа байх. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас харахад яг ийм дүр зураг харагдаад байна. Учир нь одоогийн малчдын залгамж халаа, залуучуудын хүйсийн тэнцвэрт байдал, гэр бүл төлөвлөлтийг харахад ингэж хэлэхээс өөр аргагүй болж байгааг сануулах цаг болжээ. Учир нь 2017 оны байдлаар гэрлээгүй малчдын хүйсийн харьцааг авч үзвэл 78 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд байна. Залуу малчдын гэр бүл төлөвлөлт маш чухал асуудал. Үүнийг шийдвэрлэж чадахгүй бол малчдын залгамж халааг бэлтгэх талаар ярих байтугай бодох ч хэрэггүй гэж учир мэдэх хүмүүс нэг бус удаа хэлсэн байдаг.

Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлтой түүнийгээ дагасан эдийн засгийн голлох хөшүүрэгтэй Монгол улсын хувьд мал аж ахуйн салбар дахь малчдын залгамж халаа, тэдний эрүүл мэндийн байдал, хувь хүний боловсролын асуудал ихээр орхигдож байна. 

Тухайлбал, Ховд аймгийн хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 2016 онд 72,58 байсан бол 2019 онд 72,76 болж 0,18 хувиар өсчээ. Энэхүү наслалтын зөрүүнд хамгийн их өртөж байгаа салбар бол мал аж ахуй эрхлэгчид буюу малчид байна. Малчид эрүүл мэндийнхээ асуудалд төдийлөн бүрэн анхаарч чадахгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж чадахгүй байна. Мөн малчдын хүүхдүүдийн боловсрол, малчин гэр бүлийн хамтын амьдралын тогтвортой байдал хийгээд нийгмийн бусад асуудлууд орхигдож байна гээд бодохоор мал маллах хүсэл сонирхолтой хүмүүс жилээс жилд буурч байгаа нь харагддаг. 

Түүнчлэн хүн амын нас баралтын харьцааг аваад үзвэл эрэгтэйчүүдийнх өндөр байгаа юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин. Нас барсан 10 хүний 6 эрэгтэй, 4 эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдийнхээс их болж 45 наснаас огцом нэмэгджээ. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3,3 дахин илүү болжээ. Нас баралтын хэлбэрийн хувьд авч үзвэл эрүүл мэндийн асуудал болох өвчлөл 83,1%, бусад осол, гэмтэл, амиа хорлолтын шалтгаанууд 16,9% эзэлж байна. Үүнд мэдээж эрүүл мэндийн боловсрол дутмаг, малчид хөгжих, мэдээ мэдээлэл авах боломж хомс байгаатай холбоотой.

Мөн амиа хорлолтын суурь судалгаагаар бага, суурь, бүрэн дунд боловсролтой хүмүүс илүү их амиа хорлосон ба ажил эрхлэлтийн хувьд дийлэнх нь буюу 47% нь ажилгүй байсан байна. Амиа хорлосон хүмүүсийн 85 хувь нь эрчүүд байна. Үүн дотроо малчид өндөр байна.

Энэ олон асуудал үүсэх шалтгаан нөхцөл яаж бий болсоор байгаад өнөөдрийг хүрсэн бэ гэдгийг эргэн санаж дүгнэлт хийх гэж оролдоцгооё. Бидний өмнөх үе үр хүүхдээ өсгөх, нийгмийн амьдралд хөл тавих үед нь эцэг эхчүүд хүүхэддээ хэрхэн хандаж, ирээдүйг нь хэрхэн шийдвэрлэж байсан нийтлэг төрхийг харвал дараах дүр зураг их байдаг.

Инхэнх аав ээжүүд, нийгмийн дийлэнх массийн хандлага “эрэгтэй хүүхэд яах вэ, болно хар бор ажил хийгээд машин тэрэг бариад, мал маллаад болчихно. Харин охидуудаа л сургууль соёлд явуулъя” гэсэн уламжлалт ойлголт хандлагаараа хөвгүүдийн боловсролыг орхигдуулж, охидыг дээд боловсрол эзэмших нөхцөл бүрдүүлээд харин хөвгүүдээ малын зах бараадуулж иржээ. Үүний үр дүнд ихэнх эрчүүд ажилчин анги руу шууд шилжсэн байдаг.

Ингээд харахаар нөгөө л жендэрийн тэгш бус байдлын үр нөлөө яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Малчдын жeндэрийн асуудал жeндэрийн хэвшмэл ойлголтоос ихээхэн үүдэлтэй байна. Энэхүү хэвшмэл ойлголт нь ийм байдалд хүргэлээ гэсэн үг. Тэгвэл эмэгтэйчүүд яагаад хөдөөгөөс дайжаад байгаа юм бэ? Бас л бодох асуудал биз... Миний ойлгож байгаагаар хөдөөгийн хүнд хүчир хөдөлмөрөөс бас тухайн гэр бүл дэх жендэрийн эрх тэгш байдал хөдөөд алдагдсаны улмаас үүдэж байгаа асуудал гэж үзэж байна. Тиймээс хөдөө гэлтгүй бид хаа хаанаа бодлого шийдвэр боловсруулахдаа хүртэл жeндэрийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эндээс харж болно. 

Мөн зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтөөр олон хүүхэд сургууль завсардаж малчин болсон нь өнөөдрийн малчин удмын залгамж халаа байна. Харин үүнээс хойш малчдад залгамж халаа олдох уу? Та, таны хүүхэд мал маллах хүсэл сонирхолтой юу. Та хүүхдээ малчин болгох уу гээд дор бүрнээ дүгнэлт хийгээд үзээрэй. Тэгвэл хэн мал маллах юм бэ? Улс орны зах зээлийн голлох суурь баазийг бүрдүүлдэг, эрүүл хүнсээр хангах нэг салбар болдог, монгол улс оршин тогтнох гол хүчин зүйл болсон энэ салбарыг ингээд таслан зогсоох уу? Улс орон маань оршин тогтнох үндэс болсон “МАЛ, ХЭЛ, ХИЛ” гурвын нэг маань ирээдүйд ямар эрсдэлд учрах гэж байгааг бид яагаад анхаарахгүй, түүний төлөө одоо алхам хийхгүй байна вэ? 

Яахав зарим талаараа төрийн бодлого шийдвэр хэрэгжиж л байна. Үүний заримаас дурдвал, монголд мэргэжилтэй боловсон хүчний нөөц буюу ажилчид бэлтгэгдэж байгаа. Энэ бол маш чухал зүйл бөгөөд халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх шийдэл. Харин үүн дотроо анхаарах зүйл байна аа. Ингэхдээ МСҮТ буюу Политехник коллежид Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Сааль сүүний мэргэжилтэн бэлтгэх хоёр тусдаа анги нээж эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг зах зээлд шинжлэх унааны үндэслэлтэй орчин үеийн технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг капитал бий болгох мэдлэг ухааныг суулгаад гаргах нь зүйтэй гэсэн гаргалгаа байдаг. Гэтэл одоо энэ сургалтаар зөвхөн Малын эмч бэлтгэж байгаа нь чамлахаар байна. Үүний цаана өнөө л нийгмийн үнэт зүйл гэр бүлийн харилцаа ч бий болно. Гэтэл их дээд сургууль төгссөн эмэгтэйчүүд мэргэжлээ дагаад хот суурин газарт суурьших сонирхол түлхүү байгаад байдаг. Тиймээс малчдын хүйсийн тэнцвэрт бус байдал үүсээд байгаа шалтгаан энэ.

Нэмээд манай улсын эдийн засгийн үзүүлэлт сайн байвал ийнхүү төгсөөд гэр бүл болсон залуу хосуудыг бодлогоор дэмжиж малжуулах төсөлд хамруулан мал маллах гарааг нь бий болгоод өгчихвөл бүүр сайн. Хуучин 1990 оноос өмнө яг ингэдэг байсан биздээ. Малын эмч, Малын бага эмч, Зоо техникч мэргэжлүүдээр олон залуус суралцан төгсөж амьдрал ахуйгаа мал аж ахуйтай хослуулан хөдөлмөрлөж байсан цаг саяхан. Энэ мэтчилэн өнгөрснөөс бид авахаа аваад, алдаа оноог нь дэнслээд явах нь зүйн хэрэг.

Уг нь мал маллах сайхан. Эрүүл цэвэр агаар, экологийн тэнцвэрт байдал зөвхөн хөдөөд байна. Стрессгүй, түгжрэлгүй, амар тайван амьдрал малын зах дээр л байна. Нийгмийн олон талт хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй эрх дураараа эсэн мэнд амьдрах боломж нөхцөл бэлчээрийн мал аж ахуйн дэргэд байгаа юм. Даанч тэр нөхцөл байдал маань доголон мэт өрөөсгөл бодлогоор яваад байгаа учир түүнд тэсэн үлдэх тэвчээр, тэнд оршин тогтнох ирээдүй хомс байна. Бүгд амар хялбараар амьдрах хүсэл, эрмэлзлэлтэй, хөдөлмөрлөхийн сайхныг мэдэж сурч төлөвлөөгүй хойч үетэй болсон энэ цаг үед малч удмын залгамж халааг явч явах малчид цөөрсөөр байна. МАЛ+МАЛЧИН хоёр байхгүй бол Монгол улс оршин тогтнохгүй. 

Сэтгүүлч:  Ж.САРУУЛ   

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2021-01-10 18:22:46
3 + 9 = нийлбэрийг ол!
user profile
Зочин 3 months ago 103.212.116.16

Хөдөөгүүр малчин айлаар ороход ихэнхдээ дандаа эрчүүд байдаг. Эхнэр нь хүүхдүүдээ аваад сумын төвд сургууль бараадсан гээд. Малчидын дундаж наслалт аймаг болон суурин газрын хүмүүстэй харьцуулахад дэндүү доогуур бас өвчлөл нь 3,4 шатанд ирж оношлогддог. Удам залгах малч у

News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа