“ЗУЛЦЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ

ЖОГНООГИЙН БЯМБАСАЙХАН

Том өрөөнд Баярын “Зулаа” хэмээн бахирах дуу хадахад анх удаа эцгийнхээ тийм муухай хоолойг сонссон охин давхийн цочиж, зүрх нь түг түг цохилжээ. Өмнө огт сонсож байгаагүй дууны өнгө байсанд гайхаж, мэгдсэн охин том өрөөний хаалгаар толгойгоо цухуйлгаж, нүдээ бүлтэлзүүлэн: -Яасан бэ, аав аа? гэж хоолой чичрүүлэн дуугарав. -Нааш аа, ороод ир. Багш чинь сая ярилаа. Чи яахаараа муу сурдаг юм бэ? хэмээн Баяр орилоод: -Чи хүний нүүр улалзуулаад ичихгүй байна уу? гэлээ. Уг нь орой бүр буйдандаа шигдээд зурагт руу гөлөрч, байгаа үгүй нь мэдэгдэхгүй гүн бодолд автан суудаг түүний амгалан царай одоо минчийн улайж, шанаа нь татвалзаж байхыг хараад охин айсандаа толгой бөхийлгөн нусаа шорхийн татсаар шуухитнан зогсчээ. Багшаас тав тухаа алдан байж, доромж үг сонссондоо Баярын цочмог уур дүрэлзэн асч минчүүрсэн тархиндаа өмнө нь эхнэрээ зогсож байгаа юм шиг санажээ. Тэгмэгц тэр хирдхийн цочоод нүдээ арчив. -Эрэгтэй бол яая гэхсэн. Чи чинь охин хүүхэд. Хичээл номдоо шамдаад чихнээс хонх уялгүй сурчихаж чадахгүй байна уу? Ээжийгээ дуурайсан хонгио толгойтой юм уу гэж уурсахад охин тэсэлгүй эхэр татан уйлчихав. 

Баяр сая л уурын халуундаа болчимгүй үг унагачихсанаа дор нь ойлгожээ. -Ээж чинь хонгио толгойтой биш ээ. Аавыгаа уучлаарай гэж хэлээд охиноо энгэртээ тэврэхдээ гурван жилийн тэртээ Солонгос руу ажиллахаар яваад эргэж ирэлгүй тэндээ амьдрал зохиосон эхнэрээ бодож гомдохдоо хоолой дээр нь зангирсан нулимсаа залгилаа. -Миний охин, хоёулаа хүний дор оролгүй сайхан л амьдарч байна. Аав нь чамайг юугаар ч дутаахгүй гэхдээ өглөөнөөс үдшийн бүрий хүртэл завгүй ажиллаж байгааг ойлгож байгаа биз дээ? -Аанхан. -Тэгээд яагаад муу сураад байгаа юм бэ? Хичээлээ ойлгохгүй байна уу? Дургүй юм уу? Аавдаа хэлэлдээ. -Зүгээр л … Маргааш нь охиныхоо эцэг эхийн хуралд суухаар Баяр баахан санаа зовнингуй, хүмүүсийн өмнө нүүр түлэх вий дээ гэж гэрэвшсээр очжээ. Ангийн багш эцэг эхчүүдийг цуглармагц нүдээрээ бүртгээд: -Та нарыг цуглуулсан учир нь эцэг эхийн зөвлөлийг шинээр байгуулж гишүүдийг томилох талаар ярилцах гэсэн юм гэж хэлэхэд сая нэг түүний зовнил сарниж дотор цэлмэх шиг болжээ. Ийш тийш сөөхөлзөж, үг хэлэх эцэг эхчүүдийг санаа амар харж суулаа. Хурал дууссаны дараа түүнийг хаалгаар хурдхан шурдхийгээд гарахаар зүтгэхэд хойноос нь: -Зулцэцэгийн аав, та хүлээж байгаарай. 

Тантай ярилцах зүйл байна гэж багшийн өгүүлэх дуулдав. Ангид ганцаар үлдээд багшаас халгахдаа Баяр хананд өлгөсөн үзүүлэнгийн самбарууд руу тоомжиргүй гөлөрч, амандаа уншиж буй дүр эсгэн суужээ. Ангийн багш үзгээрээ ширээ тогшсоноо: -Та охиноо хэддүгээр ангид сурдагийг мэдэх үү? гэж хачин асуулт тавив. -Наймдугаар анги гэж Баяр гайхжээ. -Энэ үе дээрээ охидуудын шилжилтийн нас эхэлдэг. Та охиныхоо саpын тэмдэг ирж буй эсэхийг мэдсэн үү? гэж багшийг палхийтэл хэлэхэд Баяр ийм асуулт сонсоно чинээ зүүдлээ ч үгүй тул юу гэж хариулахаа мэдэхгүй таг болж, дэмий толгой сэгсрэв. -Сургуульд сурч байгаа юм чинь гээд бүгдийг багшид даатгаж болохгүй. Зулцэцэг улам л дуугүй болж ангийнхнаасаа зожгирох боллоо. Би ярилцах гэсэн боловч сэтгэлээ нээхийг төдийлөн хүсэхгүй байна. Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ илэн далангүй, нээлттэй ярьсан бэ? Баяр бас л хариулж чадсангүй. Өглөө гараад орой ирдэг ажилтайгаа хэлэх гэснээ больж: -Ойрд ярилцаагүй юм байна хэмээн бувтнав. -Мэдээж гэр бүлийн орчинд эмэгтэй хүний нөөлөг дутаж байгааг би ойлгож байна. Гэхдээ та эцэг хүний хувьд охинтойгоо сайн ярилцаж шалтгааныг нь мэдэх хэрэгтэй. 

Тэгэхгүй бол Зулцэцэг улам л дордоно шүү гэж багшийг хэлэхэд Баярт тэрээр хувийнх нь амьдралд оролцох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд явчихад уур нь хүрчээ. Тэр иймэрхүү яриаг өөрийг нь өрөвдөж байна гэж боддогоос доромжлол гэж ойлгон тун ч таагүй хүлээн авдаг болоод нэгэнт заншсан билээ. Арай гэж омгоо дарж: -Ойлголоо, багш аа гэж тун хүйтэн өнгөөр дуугарав. Багш ч түүний бодлыг тааварлаж: -Ээж нь хэзээ Солонгосоос ирэх вэ? гэж амьхандаа яриаг зөөллөх гэж асуугаад бүр буруу тийш нь эргүүлчихжээ. Баяр ухасхийн босоход багш цочсондоо дуу алдан хойш гэдийв. -Удахгүй гэж уцаартай нь аргагүй ганц үг чулуудчихаад Баяр түргэхэн шиг ангиас гарлаа. Ангийн багш мэл гайхсаар хоцорчээ. Харьж явахдаа Баяр эхнэрээ эргээд ирнэ гэсэн хоосон горьдлогоосоо даруйхан салж, охиндоо ээж болж чадах эмэгтэйг хайж олох ёстой ч юм шиг бодогдож, элдвийг эргэцүүлсээр гэртээ ирэв. Охиныхоо өрөөнд орвол: -Багш намайг муулж байна уу? гэж урвагар царайлан асуулаа. -Үгүй ээ. Намайг л загнаж байна. -Та надад уурлаж байна уу? -Үгүй ээ. Яалаа гэж охиндоо уурлах билээ дээ. Миний охин аавдаа юу хэлмээр байна. Чөлөөтэй ярь л даа. Аав нь сонсъё. Охин шуухитнаснаа: -Би том болоод ээж болмооргүй байна гэв. Түүний энэ үг Баярын толгой дундуур цохиод авах шиг санагджээ. 

  

-Юу? -Би бас л таныг ээж шиг орхиод явбал яах юм. Би таныг өрөвдөөд байна. Охиныхоо сэтгэлийн уг дахь айдас, ахадсан бодлыг Баяр мэдмэгцээ мэлмэртэл уйлчихав. -Ээж чинь сайн хүн. Удахгүй ирнэ. Аав нь ярьсан. Чамайг зөндөө их санаж байна гэсэн хэмээн эхэр татуулан хэлэв. -Битгий уйл аа, аав. Би том болоод Солонгос явж ээжийг авчирна. Энэ яриа болж өнгөрсний дараа Баяр өөрийгөө сатааруулахын тулд, гомдлоо мартах гэж хэт ажилд махран зүтгэж, тэр хэрээр охиноо анхаарал халамжаар дутааж явснаа ойлгожээ. Нэг удаа ажлаасаа зориуд эрт ирээд охиноо сүүдрэвчин дор нэгэн өвгөнтэй шатар нүүгээд сууж байхыг харжээ. Тэрээр дуугүйхэн дөхөж охиныхоо хойно очин анзаарагдалгүй зогсоод сэм өнгийлөө. Бага зэрэг шатар гадарладгийн хувьд толгойгоо маажин гүн бодолд дарагдсан өвгөн хожигдож буйг түвэггүй ойлгов. Удалгүй охины “Шаг, мад” гэх дуу цангинаж өвгөн хэнгэнэтэл сүүрс алдаад: -Охин минь, чамайг би ч хожихоо байжээ гэж санаашрав. Гэртээ ороод Баяр охинтойгоо гурван удаа шатар нүүхдээ өчнөөн буцсан боловч яагаад ч дийлсэнгүй. Тэгээд: -Чи хаана ингэж тоглож сураа вэ? гэж асуулаа. -Сүүдрэвчинд. Таныг ажлаасаа ирэхийг хүлээх зуураа тоглож сурсан гэж охин нь хариулав. 

Маргааш нь Баяр охиноо дагуулж яваад шатрын клубд бүртгүүлчихэв. Орой харихдаа охиноо аваад явчихдаг болжээ. Охин ч хичээлдээ сайжирч, сар бүр болдог шатрын тэмцээнд түрүүлэхийг нь харсаар Баярын санаа сэтгэл ч сэргээд иржээ. Удалгүй охин нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхжээ. Үдийн алдад дарга нь Баярыг дуудуулж “Зулцэцэг, охин чинь Азийн аварга болсон байна. Баяр хүргэе” гэхэд нүдэнд нь нулимс цийлэгнээд, хоолой дээр нь бөөн юм тээгэлчихээд юу ч дуугарч чадсангүй. Баярласнаас хөл нь газарт хүрэхгүй, нисээд байгаа ч юм шиг түүнд санагдаж байлаа. Тааралдсан хүн болгонд “Миний охин Азийн аварга шүү дээ” гэж хэлж онгирмоор, сэтгэл нь дэрвээд тогтож өгөхгүй, оройжингоо охиноо ярихыг хүлээв. Утас дуугарахад харвал хүлээж байсан охин нь байлаа. -Аав аа, би Азийн аварга боллоо. Баяр өөрийн мэдэлгүй ий, ий гээд уйлчихав. Охиндоо аль болох мэдэгдэхгүйг хичээж, нулимсаа залгин: -Сайн байна, миний охин гэж арай ядан өгүүлэв. -Би бас, бас … гээд охин нь нэлээд догдолж буй бололтой үгээ тасдаад: -Би бас ээжтэй уулзсан. Бид хоёр хамт ирнэ. Та ээжтэй ярих уу? гэж хэлэв. Удалгүй утасны цаана бүсгүй хүний “Байна уу?” гэх дуулдав. Бүхэл бүтэн гурван жил тэвчээртэй хүлээсэн тэр хоолой мөн байлаа. 

Эх сурвалж: MNGNEWS 

сүүлд засварлагдсан 2024-03-28 21:35:26
6 + 1 = нийлбэрийг ол!