ХӨШӨӨТ ТОСГОНЫ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дэргэдэх Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэрээ хийгдээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 10 сарын 9-нд сүүлчийн айл өрхүүдийн гэрээ хийгдэж албан ёсоор дуусах ажээ. Тус тосгонд нийт 174 айл оршин суудаг бөгөөд эдгээр айлуудтай “МоЭнКо” компани нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж, гэрээний хүрээнд өрх бүрт 8 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон бөгөөд гэрээ хийгдээд дуусмагц үнийн дүнгийн 50 хувь нь иргэдийн дансанд орж, улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлэх юм. Айлууд түрүүчээсээ илүү гэр, зарим бараа таваараа өөрсдийн эзэмшлийн хашаандаа нүүлгээд эхэлжээ. Хөшөөт багийн даргийн мэдээлж байгаагаар 10 гаруй айл зарим гэр, эд хогшилоо нүүлгэж буулгасан байна.  

Одоогийн байдлаар шинэ тосгоны бүтээн байгуулалтын ажил хийгдээд дууссан бөгөөд зөвхөн тог цахилгааны ажил хүлээлгэн өгөх дутуу байгаа ажээ. Ийнхүү тосгоны нүүлгэн шилжүүлэлтийг 10 сарын 10-30-ны хооронд хийж дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Шинэ тосгоны айл өрхүүдийн тогыг энэ сарын 11-ээс өгөх юм байна. Мөн гэрээг яаралтай хийж ажлыг шуурхайлахгүй бол хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв хүйтрээд, цас орчихвол айл өрхүүд нүүхэд хүндрэлтэй болно. Тиймээс хүйтрэхээс өмнө нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийх, яаравчлах шаардлагатай байгаа ажээ.  

Шинэ тосгоны бүтээн байгуулалтанд МоЭнКо компаний зүгээс 100 Хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 150 хүний хүчин чадалтай Соёлын төв, Халуун ус, Уурын зуух, Гүний худаг, Ус түгээх байрууд, Дулааны шугам сүлжээ, Хувийн сууцтай байсан айлуудад нийт 15 айлын хувийн сууц, 111 айлын 900 м2 талбай бүхий хашаа зэргийг барьж байгуулж өгч байгаа юм. Харин аймгийн төсвөөс Багийн төвийн захиргааны барилга, тог цахилгааны өргөтгөлийн шугам зэргийг шийдвэрлэжээ. Нийт дүнгээр уг тосгоны бүтээн байгуулалтанд компаний зүгээс нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн уурхайн нөлөөлөлд өртөж байгаа малчин өрхүүдийн асуудал хөндөгдөж ирсэн бөгөөд малчин өрхүүдэд олгох нөхөн олговрын асуудалтай холбоотой ажлыг ирэх жилээс хийхийг МоЭнКо компаний зүгээс аймгийн удирдлагуудад уламжилсан байна. Учир нь энэ жилийн хувьд тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ихээхэн зардал гарч байгаа учир малчин өрхүүдийн асуудлыг дараа жилээс авч хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд он гараад малчин өрхүүдийн судалгааг хийх юм байна. 

Ж.САРУУЛ

сүүлд засварлагдсан 2024-03-29 19:36:00
3 + 17 = нийлбэрийг ол!