ХАЛТАР САЙДЫН ХАТГААСТАЙ “ХАЛТАР ГЭРЭЭ”-Г ХОВДЫН АРД ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

ӨНӨӨДРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШИЙН УУШГИ ДЭЭР ГЭДЭГГҮЙ БИЛ ҮҮ

Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай холбоотой маш олон хууль зөрчсөн үйлдлүүд болон жолооч тээвэрчдийн эрх ашиг хөндөгдөж байсан хийгээд цаашлаад аймаг орон нутагт бодит үр өгөөжгүй байсан асуудлуудыг эсэргүүцэж тээвэрчдийн төлөөлөл 2021 оны 9 дүгээр сарын эхээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж уурхайн үйл ажиллагааг зогсоосон билээ. Үүнтэй зэрэгцээд Ховд аймаг "МоЭнКо" ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах явцыг эрчимжүүлж, хаа хаанаа үр ашигтай гэрээ байгуулахыг зорьж аймаг орон нутгийн ажлын хэсэг, тээвэрчдийн төлөөлөл санал хүсэлтээ илэрхийлж ирсэн байдаг.  

Гэтэл одоог хүртэл талууд харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаанууд нь дараах асуудлуудын хүрээнд жолооч тээвэрчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тухайлбал, "МоЭнКо" ХХК-аас ирүүлсэн гэрээний заалтад орон нутгийн тээвэрчид болон жолооч нарын эрх ашгийг хөндсөн хэд хэдэн ноцтой заалт байгааг тээвэрчид эсэргүүцэж Хөшөөтийн уурхайг зогсоогоод байгаа билээ. Үүнд:

  1. Тээврийн хөлсийг жишиг үнийн тарифт хүргэж нэмэгдүүлэх буюу зам тээврийн яамнаас баталсан жишиг тариф болон 0,76 центэд ойртуулах тухай саналаа илэрхийлээд байгаа юм. Харин компаний зүгээс ирүүлсэн гэрээндээ өмнө нь тн тутам нь 0,058 цент байсныг 0,066 цент болгон нэмэгдүүлэхээр ирүүлжээ. Энэ бол анх жагсаал хийж уурхайн үйл ажиллагааг зогсоохдоо тавьсан шаардлага.
  2. Хамгийн ноцтой асуудлуудын нэг бол цаашид тээврийн компаниуд уурхайд автомашин оруулах буюу С зөвшөөрөл авахдаа сүүлийн 3 жил дотор үйлдвэрлэгдсэн автомашинаар тээвэрлэлт хийлгэх тухай заалт байгаа. Учир нь Монгол улс нь үйлдвэрлэгч орон биш учраас уурхайн тээвэрлэлтэд ингэж сүүлийн 3 жил хэмээн он заах нь цаашид орон нутгийн жирийн жолооч нарт бол эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал тулгарах эрсдэлтэй буюу тээвэрлэлтэд оролцох боломжгүй болох асуудал тулгарна. Харин үүнийг далимдуулж “МоЭнКо” ХХК өөрсдийн автомашинаар тээвэрлэлтээ хийж яваа яваандаа олборлолт, тээвэрлэлтүүд нэг л мэдэхэд нэг компаний эрх мэдлийн асуудал болж аймаг орон нутагт орох эдийн засгийн үр өгөөж багасч, жирийн жолооч, тээвэрчдийн ажлын байр үгүй болно. Мэдээж одоо тээвэрлэлт хийж байгаа жолооч нар ихэнх нь өндөр үнэтэй автомашинаа банкны зээлээр авцгаасан байдаг. Тэгтэл ийнхүү автомашинуудад нь он заасан байгаа нь цаашид ихэнх автомашинууд уурхайн тээвэрлэлтэд явах боломжгүй болж таарна. Тиймээс уурхайн тээвэрлэлтэд явах автомашинуудыг сүүлийн гурван жилийн дотор үйлдвэрлэгдсэн хэмээн он заасан нь буруу асуудал юм. 

3. Уурхайн үйл ажиллагаа явуулах замыг зассан гэж байгаа боловч яг газар дээрээ тухайн зам нь тийм ч сайжирч дээрдсэн зүйл байхгүй. Зөвхөн замын хагархайнуудад шороо дүүргэж нэр оромдсон төдий байгаа нь нэг удаагийн аргацаасан үйлдэл буюу цаашид тээвэрлэлт хийхэд өмнөхөөсөө дээрдэхгүй нөхцөл байдалтай болно. Гэтэл ийм нүд хуурсан чанаргүй ажилд дүгнэлт гаргасан аймгийн Мэргэжлийн хяналтын газар ч гэсэн ажлаа хэрхэн хийж байгааг анзаарахад буруудахгүй.

4. Дараагийн асуудалтай зүйл бол “МоЭнКо” ХХК-ны охин компани болох “Эм И Си транс” ХХК-ны нэр дээр 2021 онд тээвэрлэлт хийхээр орж ирсэн 48 автомашины асуудал юм. Учир нь тус компаний хөшөөтийн уурхайд өмнө нь 70 гаруй автомашин тээвэрлэлтэд явуулдаг байсан бол одоо ийнхүү 48-ыг нэмж 120 гаруй автомашинаар уурхайн тээвэрлэлт хийнэ. Гэтэл хөшөөтийн уурхайд 500 гаруй автомашин бүртгэлтэй байдаг буюу өдөрт дунджаар 100 гаруй автомашин тээвэрлэлт хийдэг. Тэгэхээр дээрх нөхцөл байдлуудын улмаас жолооч нар эсэргүүцэж, эрх ашгийнхаа төлөө дуугарч, асуудлыг ярих ямар ч боломгүй болох буюу хэрэв эсэргүүцэл илэрхийлбэл тээвэрлэлтийг 100% “МоЭнКо” ХХК авна гэж энэхүү гэрээний саналд ирүүлсэн 16,2 дахь заалтад дурдсан байгааг анзаарч байгаа байх. 

Тиймээс л ирээдүйд эрсдэл үүсч мэдэх энэ мэт асуудлуудыг зөв шийдвэрлүүлэхийн төлөө тээвэрчид эсэргүүцэж өнөөдөр хэдийгээр орлого нь хаагдаж байгаа ч гэсэн цаашид үүсэх нөхцөл байдлаа тооцоолж тэмцлээ хийн зогсож байгаа. Гэтэл компаний явуулга болон хэтэрхий хувиа бодож өнөө маргаашаа бодсон хэдхэн тээврийн компаний эздийн нөлөөгөөр энэ мэт хуудуутай гэрээ байгуулж хэрхэвч болохгүйг эрх биш учир зүйг гадарладаг хүмүүс дуугарч ирсэн.  

Нөхцөл байдлыг ажиглаж байхад аймгийн удирдлагууд болон гэрээний ажлын хэсгийнхэнд ч гэсэн Зам тээврийн яам болон бусад газруудаас ихээхэн дарамт ирж энэ байдлаар нь гэрээ байгуулахыг шаардаж нөлөөлөл үзүүлж байгаа мэдээллүүд ч бий. Тиймээс өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэгчээр асуудлыг алс ирээдүйдээ сөрөг нөлөөгүй байх тал дээр анхаарах нь юу юунаас илүү чухал билээ. Тиймдээ ч олон олон жолооч нар өөрсдийн эрсдэлийг үүрч өдийг хүрч яваа. Тэрнээс биш ийм гэрээ байгуулахын төлөө энэ хүртэл яваагүй байлтай. Харин зарим тээврийн компаний захиралуудын яриад байгаа шиг асуудалтай тийм ч олон жолооч санал нийлэхгүй байгаа. Тэгтэл нийгмийг талцуулж хуудуутай ийм гэрээг байгуулахыг шаардаж байгаа зарим тээврийн компаний захиралууд болон Зам тээврийн яам гэх мэт нөлөөлөл үзүүлж байгаа хүмүүс бол зөвхөн өөрсдийн амин хувиа бодож, ирээдүйд үүсэх эрсдэлийг тооцоолохгүй байгаа асуудал юм. 

Ийнхүү Зам тээврийн сайд Л.Халтарын хатгаастай асуудал нь түүхий “халтар гэрээ”-г ховдын ард түмэнд эсэргүүцэж байгаа.  Энэ байдлаараа гэрээ байгуулагдах юм бол тун удахгүй хэдхэн жилийн дараа энэ уурхайгаас улс, аймаг орон нутаг хийгээд хэдэн тээвэрчин, ард түмэн ашиг хүртэхгүй болж ирнэ гэдгийг анхаарна бизээ.

 

Ж.Саруул

сүүлд засварлагдсан 2025-07-01 06:44:09
2 + 4 = нийлбэрийг ол!