Ховд аймгийн Булган сумын Байтаг багаас 4 дэх удаагаа Монгол Улсын аварга малчин төрж байгаа бөгөөд сар шинийн босгон дээр тус багийн малчин Ишийн Цогт-Очир “Монгол улсын аварга малчин” хэмээх аварга малчин хэмээх нэр хүндтэй шагналыг гурдан авлаа. И.Цогт-Очирынх хилчин түмэн, баатарлаг ардын өлгий болсон Байтагийн Хулстайн голд нутаглаж байна.
Аварга малчин И.Цогт-Очир, эхнэр М.Гэрэл нар нь анх 2000 онд гэр бүл болж 200 гаруй малтайгаар өрх тусгаарлаж байсан бол өнөөдөр мал сүргээ 2000 гаруй болтол нь өсгөжээ. Тэднийх мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж яваа бөгөөд жилдээ 500 гаруй мал төллүүлж байгаа гэнэ. Бэлчээрийн даацаас хамаараад малын тоо толгойд биш таваарлаг чанарт нь анхаарч ажиллаж байгаагаа аварга малчин И.Цогт-Очир онцолж байлаа. Бэлчээр сэлгэн нүүх, бэлчээрийн нөөцөө хадгалан хамгаалах тал дээр Булган сумын Байтаг багийн малчид ихэд анхаарч ирсэн уламжлалтай. Өөрөөр хэлбэл, Булган сумын торгуудууд жилдээ 600-аад км газарт нүүдэллэн нутагладаг ажилч хичээнгүй ард түмэн. Тодруулбал, Монгол улсын хэмжээнд жил тутам ийм хол газар нүүдэллэн нутаг сэлгэдэг малчид ховор байдаг. Түүнчлэн Булган сумын Байтаг баг энэ жил аймгийн тэргүүний баг болсон бөгөөд малын тоо толгой таван төрөл дээрээ өсч байна. Байтаг баг нь 87000 мал, 312 малчин өрхтэй буюу хилийн бүс нутаг хилчин түмний өлгий билээ. Тиймээс энэхүү дархан хилийн зурвас дээрээс Монгол улсын аварга малчин дөрөв дэхээ төрж байгаад нутгийн зон олон баяртай байна.