Өнөөдөр “Олон улсын Хүний эрхийн өдөр”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ой тохиож байна. Энэ өдөр Ховд аймгийн хэмжээнд олон нийт рүү чиглэсэн нэлээдгүй ажлууд зохион байгуулагдаж хүний эрх эрх чөлөөний тухай олйголт, тулгамдаж буй зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын чиг хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах байгууллагууд хамтран дараах ажлуудыг зохион байгуулаад байна. Тухайлбал, Ховд аймаг ХЭҮК-ын суурин төлөөлөгч, Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхим, аймгийн ГХБХБГ зэрэг байгууллагууд хамтран үе шаттай ажлуудыг зохион байгуулсан юм.
Үүний нэг бол “Хүний суурь эрх түүнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг юм. Тус хэлэлцүүлэгт Ховд их сургуулийн багш, оюутнууд болон ГХБХБГ, ХЭҮК-ийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс бөгөөд хүний нэр төрийг хүндэтгэн эрх тэгш нийгэмд сайн сайхан амьдрахад хүн бүрийн оролцоо чухал гэж албаныхан онцолж байв.
Мөн аймгийн ГХБХБГ нь энэ онд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” уриалга дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ үүднээс иргэдэд нээлтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилтын дагуу эл өдрийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа гэдгээ аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх онцлон хэлж байлаа.
Түүнчлэн хүний дээрх байгууллагуудын зүгээс “Монгол Улс дахь Хүний эрхийн асуудал” оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаар Ховд их сургуулийн 18 оюутан илтгэл хэлэлцүүлжээ. Мөн “Хүний эрх” сэдэвт видео бичлэгийн уралдаанд 7, “Хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 12, “Хүний эрх миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 10 оюутан, сурагч тус тус оролцсон байна.
Мөн Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн оюутнууд санаачилан Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Цахим гэмт хэрэг” сэдэвт лекц зохион байгуулсан байна. Үүнээс гадна “Алтан хонх” тэмцээн, “АХА” танин мэдэхүйн тэмцээн явагдсан бөгөөд хуулийн чиглэлээр 200 орчим номын үзэсгэлэн гаргалаа. Мөн Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, оюутнууд иргэдэд Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.