Д.Содном: Гишүүд бурууг нь мэдсээр байж зусардлаа даа, шударга байж сурцгаах юмсан

Ерөнхий сайд асан Д.Содном гуайн тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Монгол Улсын Их Хурал тэтгэврийн зээлийн өрийг тэглэх шийдвэрийг арав хүрэхгүй хоногийн хугацаанд яарч гаргалаа. Зээл аваад төлөөгүй байгаа өндөр настангууд баярлана.Тараасан зээлийг нь найдвартай найдваргүйг харгалзахгүй хүүтэй нь төлж өгч байхад арилжааны банкууд талархана. Хоёр зуу гаруй мянган зээлдэгчид болон цөөхөн банкны ашиг сонирхолд нийцүүлж Засгийн газрын бонд гаргуулж Монгол Улсын гурван сая иргэнийг 800-900 тэрбум төгрөгийн өртэй болгох шийдвэр гарав бололтой.

Өр тэглэх саналын үндэслэл, нийт иргэдийн ашиг сонирхолд нийцэх эсэх, үр дагавар, тэтгэвэр нийгмийн даатгалын бодлоготой хэрхэн уялдах зэрэг асуудлыг ул суурьтай хэлэлцэж амжилгүй тэтгэврийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргаж байгааг зөв гэдэгт олон хүн, ялангуяа санхүүч эдийн засагчид эргэлзэж байна.

Тухайлбал:

- Өр тэглэх санаачлагыг 2020, 2021 оны сонгуулиар эрх мэдэл албан тушаалд хүрэх зорилготой заль гэж хардаж байгаа хүмүүс байна. Үнэнээр хэлбэл иргэдийн мөнгөөр авлигадаж санал авах өрсөлдөөнийг өдөөх шиг боллоо.Улс төрийн нэг нам нь тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ, нөгөө нам нь бүх зээлийн өрийг тэглэнэ, гурав дахь нам нь зээл аваагүй тэтгэврийн хүмүүст мөнгө өгнө гэх мэтээр сонгууль угтсан авлигын өрсөлдөөн явагдахыг харлаа. Өр тэглэх амлалтаар ядуувтар иргэдийн саналыг авахаар өрсөлддөг муу зуршлын эхлэл болж магад гэж хэлэх хүн байна.

- Тэтгэврийн зээлийн өрийг тэглэснээр ядуурал буурахгүй. Өр тэглэснээр арилжааны банкинд хүүгийн хамт очих олон зуун тэрбум төгрөгийг банкууд хав дарахгүй, цөөхөн хоногт гүйлгээнд гаргах нь гарцаагүй бөгөөд тэр дүнгээр гүйлгээнд байх мөнгө нэмэгдэх, долларын ханшийг улам өсгөх, улмаар иргэдийн бодит орлого буурахад нөлөөлөх нь тодорхой. Ийм хууль үйлчилдгийг мэддэггүй зарим эрх мэдэлтэн “зөвхөн дансны бичилт л хийгдэнэ, мөнгөн гүйлгээ инфляцид нөлөөлөхгүй” гэж цэцэрхлээ. Ичмээр.

- Энэ арга хэмжээ Олон улсын валютын сантай Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй зөрчилдөнө гэдгийг Сангийн сайд хэлээд, аргагүйд хүрсэн бололтой, хэрэв бонд гаргах бол Засгийн газрын биш Салхитын мөнгө алтны ордыг ашиглаж байгаа компанийн бонд гаргасан нь зөв болохыг учирлалаа. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зүгээс Сангийн сайдаа огцруулж байгаад Засгийн газрын бонд гарга гэсэн утгатай тулгалтыг Ерөнхий сайдад хэлж байх юм. Заавал Засгийн газрын өрийг 300 гаруй сая ам даллараар нэмэгдүүлэх сонирхлоор энэ асуудалд хандаж байгаа нь хачирхалтай.

- Олон улсын валютын сангийн төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб гэдэг хүн “ОУВС–тай хийсэн гэрээг зөрчлөө. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нийцэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляци болон дотоод төгрөгийн ханшид дарамт учруулна.Засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэж ярьсныг эрхэм дарга нарын сонорт хүргэсэн л байх.

- Салхитын мөнгө алтны нөөцийн ашиглалтаас гарах ашгаар тэтгэврийн зээлийн асуудлыг шийдэх санаа байгаа бол эхлээд уг ордыг ашиглаж ашгийг бүрдүүлэх, хуримтлагдсан ашгийг нь тэтгэвэр нэмэгдүүлэх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг зориулалтаар ашиглах гэсэн дараатайгаар асуудлыг шийдвэл зөв болох байсан. Гэвч тэгсэнгүй, заавал Засгийн газар, Иргэдийг өртэй болгох шийдвэр гаргуулах гэж зүтгээд байгааг ойлгоход хэцүү.

- ОУВС-гийн төлөөлөгч хэлсэн үгэндээ “Засаглал парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэж хэлжээ. Засаг төрийн удирдагчдад хандсан энэ санааны үүднээс оногдсон үүрэг хариуцсан ажилдаа дүгнэлт хийх ёстой хүн бол юуны өмнө манай УИХ-ын дарга. Хууль тогтоох байгууллагын даргын хувьд, ОХУ-ын Эрхүү хот дахь их сургуульд суралцаж санхүү эдийн засгийн дээд мэрэгжилтэн болсны хувьд ч тэтгэвэр, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгох төдийгүй эдийн засаг нийгмийн хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргаж болох зөвлөмж шийдвэр алдаа дутагдалгүй байхад Г.Занданшатар даргын үүрэг хариуцлага өндөр баймаар.

- Сангийн сайдын саналын дагуу Салхитын ордыг ашиглаж буй компанийн бонд гаргавал ордыг үр ашигтайгаар богино хугацаанд ашиглах ажилд хариуцлагатай хандахыг анхаарах ёстой.

- Энэ дуулиантай асуудлыг Улсын Их Хурал дээр хэлэлцэж байгааг зурагтаар харж байхад хувийн ашиг сонирхлын давамгайлал, шударга үнэнийг сонсох чадваргүй дүлийрэл ажиглагдаж байлаа. Тухайлбал, шийдвэр буруу, муу үр дагавартай байхыг мэдэж мэдэрч байгаа боловч түүнийгээ шууд хэлж зүрхлэхгүй байгаа хүн цөөнгүй ажиглагдсан. Шалтгаан нь хувийн сонирхлын давамгайлал. Санхүү, мөнгөний бодлогыг зөв байлгах санаагаар Сангийн сайдын гаргасан ухаалаг саналыг сонсоогүй юм шиг өнгөрөөв. Шалтгаан нь өөрийн бодлоос өөр бодлыг сонсдоггүй дүлийрэл. Санхүү мөнгөний асуудлыг зөв шийдэхэд тус болох үг хэлж байх учиртай ахмад зарим хүн Засгийн газрын өрийг нэмэгдүүлж өр тэглэхийн сөрөг үр дагаварыг огт ярихгүй, тэтгэврийнхэнд хайр зарласан, ОУВС -г зүхсэн, төсөл санаачлагчдыг зусардсан ярилцлага өгч байв. Шалтгаан нь бас л хувиа хичээгч.

Энэ бүхэн амьдралын сургааль болох биз. Шударга байж сурцгаах юмсан.

Ерөнхий сайд асан Д.Содном

2020-01-15

сүүлд засварлагдсан 2024-03-29 00:16:29
3 + 12 = нийлбэрийг ол!