Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд Жаргалант сум Бичигт багт нэр дэвшигч Б.Болорцэцэгтэй ярилцлаа. Түүний улс төрд анх орох болсон шалтгаан, баримталдаг зарчим хийгээд өнөөгийн нийгэм цаг үед анхаарч шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар түүний үзэл бодлыг хуваалцлаа.
-Улс төрд ер нь яагаад орсон бэ. Анх орох болсон тухайгаа ярихгүй юу?
-Би 2013 онд JCI гээд залуучуудын байгууллагын уулзалтад оролцож байсан л даа. Тэгээд тэр уулзалт, цуглаанаас залуу хүмүүс олноороо нэгдээд санал бодлоо нэгтгэснээр олон зүйл хийж чаддаг юм байна гэдгийг олж харсан. Ер нь JCI гээд залуучуудын байгууллагаас олон мундаг лидер залуучууд төрдөг л дөө. Тэр залуучуудаас их үлгэр авч, бас их урам зориг авсан. Тэр цагаас эхлээд нь хүн ер нь ямар нэгэн байдлаар нийгэм олон нийтийн арга хэмжээнд оролцож оролцоотой байх ёстой юм байна гэдгийг олж харсан даа. Тэгээд нэг бол аль нэгэн намд орох ёстой юм байна, эсвэл ямар нэгэн иймэрхүү олон нийтийн байгууллагад орох нь зүйтэй юм байна гээд JCI байгууллагад орно гэсэн бодолтой явсан. Гэтэл нэг их удалгүй байж байсан чинь миний бас нэг танил ах ирээд одоо миний дүү чи нам энэ тэрд орох уу, МАН-д элсэх үү гэсэн. Тухайн үед манай дүү Ардчилсан намд элсчихсэн байсан. Би үзэл бодлын хувьд Ардчилсан намыг жаахан төлөвшил муутай юм уу гэж хардаг байсан учраас Ардчилсан намд оръё гэж бодоогүй. Хувь хүний үзэл бодол шүү дээ. Тэгээд Монгол ардын нам уу, JCI уу гэж бодож байгаад МАН-ыг сонгосон. JCI байгууллагын хувьд бол ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө явахад арай далайцтай байж чадахгүй, хязгаарлагдмал байсан учраас сонголтоо ингэж хийгээд МАН-д би 2014 онд элсэж байсан. Би чинь МАН-д элсэхдээ намын хорооны хурлаар орж элссэн хүн шүү дээ. Дээр үеийнх шиг л юм болсон. Авна, авахгүй гээд л дүү нь Ардчилсан намд байдаг энэ тэр гээд нэлээд юм болж байгаад элсүүлж байлаа. Тэр жилээ Жаргалант сумын НАМЭХ-ны тэргүүлэгч гэдэг сонгуульт ажлыг хийж эхлэсэн. Тэгээд олон нийт рүү чиглэсэн ажлуудаа хийж эхлээд “Энэрэл” гээд сан нээгээд айлуудаар ороод хандив тусламж өрнүүлээд зорилтот бүлгийн хүмүүст үйлчилгээг нь хүргээд явж байсан чинь “Өө энэ хүүхэн чинь дүүгийнхээ нэрээр сан нээчихсэн байна” гээд шүүмжлээд эхлэсэн.
-Бат-Энэрэлтэй холбогдуулаад уу?
-Тийм. Энэрэл гэж дүү нь юм байна. Ардчилсан намд байдаг дүүгийнхээ нэрээр сан нээсэн байна гээд янз бүрээр шүүмжлээд байсан. Тэгээд би шууд хаасан. Дахиж би тийм ажил хийгээгүй. Хүнийг яг ингээд сэтгэл зүрхээ зориулаад хийж байхад урам хугалах нь дахиж тийм зүйл хийх сонирхолгүй болгочихдог юм байна лээ. Уг нь яг эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өрх толгойлсон олон хүүхэдтэй айлаар орж ажиллаж эхэлж байсан юм. Энэ нь намын дэргэд ийм сайн үйлсийн сан бүхий ТББ нээгээд намынхаа зарим хүмүүстэй хамтраад ажиллаад эхэлж байлаа. Тэгээд зарим айлуудаараа ороод хүмүүсийг идэвхжүүлээд зорилтот хүмүүст нь хандив тусламжаа өгөөд, ард иргэдээ хайрлаж энэрэх ийм л зорилготой явж байсан. Тухайн үед МАН бол ялагдчихсан байсан үе. Тэгээд түүний дараа Ховд аймгийн НАМЭХ-ны тэргүүлэгчээр орсон. Тэр үед сонгуулийн цаг хугацаа тулаад ирж байсан. Тухайн үед НАМЭХ-ны даргаар Б.Амаржаргал эмч байсан. Тэгсэн удахгүй нэр дэвшигчдийг тодруулна. Тэргүүлэгч эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлье гэж шийдээд тухайн үеийн тэргүүлэгч эмэгтэйчүүдтэйгээ хамт нэр дэвшиж байсан. Тэгээд бид нарыг яг тэр энэ багт нэр дэвшүүлье гээгүй. Ер нь сонгууль болоод ирэхээр хүмүүс ингэж асуудаг чи аль багт нэр дэвших вэ. Аль гол нь чинийх вэ, аль салаа нь чинийх вэ, чиний ах дүү нар аль багт түлхүү байна гэж асуудаг л даа. Надад бол аймгийн хэмжээнд тэр баг гээд хэлэх нэг дороо төвлөрсөн ах дүү нар байгаагүй. Би бол Алтай сумынх. Тухайн үед надад санал өгөх тэр энэ гэсэн нөлөөлөх ах дүү тэнд байгаагүй. Тэгээд би яг аль баг гэдгээ сонгоогүй байж байсан чинь нэг ийм яриа гарлаа. “Бичигт баг дээр нэр дэвших, Бичигт рүү явах хүн алга” гээд. Тэгсэн нэг настай ах “Бичигт рүү очсоноос гэртээ байж байсан нь дээр” гэж хэлж байсан. Тэгээд би яагаад гэж асуусан чинь “Тэр баг дээр Хуягаа гээд олон жил нэр дэвшээд гарсан хүн байгаа. Бүх айлуудаа таньж, мэддэг. Нохойд нь хоол тавьж өгөөд гэрт нь ордог. Энэ хүнтэй өрсөлдсөн ямар ч хүн унадаг. Тэгээд энэ баг дээр одоо хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би залуу хүн, шинэ тутам гарч ирж байгаа юм чинь яахав. Тэр хүн очихгүй байгаа тэр баг дээрээ намайг тавьчих гээд тэнд нэр дэвшихээр болж байсан.
-Эрсдэлтэй алхам хийж байгаадаа эмээж байсан уу?
-Ер нь яахав дээ, тэр үед би дотроо нэг л зүйлийг бодож өөрийгөө зоригжуулсан. Бусдын итгэлийг олж чадах юм бол ах дүү байна уу, биш байна уу нэг их сонин биш. Тэртэй тэргүй би ард түмэнд үйлчлэх гэж л тэнд нэр дэвшиж байгаа болохоос ах дүүдээ үйлчлэх гэж байгаа бол бизнесээ хийгээд л явахад хангалттай ш дээ. Тэгээд би нэр дэвшсэн, гарсан. Эндээс харахад “ах дүүгийн олноор хүн ялдаггүй, ард түмний итгэлээр ялдаг юм байна” гэдгийг маш сайн ойлгосон. Тэр тойрогт Хуягаа дарга болон аймгийн орлогч дарга байсан Л.Цэнд-Аюуш гуай хоёр бас нэр дэвшсэн. Надад бол бас их эвгүй байсан. Намд болон төрд нэлээдгүй хугацаанд ажиллаж байсан хүмүүстэй нэр дэвшинэ гэдэг бол хүндхэн л байсан. Тэгээд би айлуудаараа нэг бүрчлэн явж санал сэтгэгдлийг нь сонсож хүмүүстэйгээ уулзаж явсан. Ингээд 350-400-аад айлаар ороод явж байхад айлууд ихэнх нь “манай баг дээр халуун усны хэрэгцээ л их байна шүү. Одоо ажиллаж байгаа халуун ус нь стандарт шаардлага хангахгүй, ажиллахад хүнд байгаа” гэдэг үгийг их захиж байсан. Бас дээр нь хашаа хороо, худаг ус гээд нийтлэг тулгамддаг асуудлуудаа хэлж шийдвэрлэж өгөөрэй гэдгийг эмэгтэй хүний хувьд аминчлан хэлж тулгамдаж буй асуудлуудаа дуулгаж байсан л даа. Ингэж айл нэг бүрээр орж амьдрал ахуйтай нь танилцаж явахдаа хүмүүсийнхээ амьдралын нарийн ширийн асуудлыг нэлээд олж харж харилцан санал солилцож явсан л даа. Тэгээд би “Итгэлийг зүтгэлээр” гэсэн уриатай оролцож байлаа. Сонгогдсоныхоо дараа бодсон л доо. Энэ олон дарга нараас надад итгэл хүлээлгэнэ гэдэг бол тэдний өгсөн хамгийн том үүрэг хариуцлага юм гэж. Хүн итгэл хүлээлгэсэн байхад түүнийг нь даахгүй байна гэдэг бол хамгийн том алдаа. Би амьдрал дээр ч гэсэн хүний итгэлийг алдахгүй байх юмсан. Хэлсэн, ярьсан бол түүндээ хүрдэг байх юмсан гэж хичээдэг. Түүнийхээ төлөө ч бас өнгөрсөн дөрвөн жил зүтгэлээ.
Бичигт баг “Багийн хөгжлийн төв”-тэй болно
-Баг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой баг вэ. Түүнд нь тохирсон тэдний өмнө тулгамдсан ямар асуудлыг шийдэв?
-Манай Бичигт багт өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байдаг. Тухайлбал, 203 өрх толгойлсон эмэгтэй байна. Эдгээр хүмүүс рүү чиглэсэн нийгмийн бодлогын олон төрлийн үйлчилгээ хэрэгтэй байдаг. Ялангуяа амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүд бас их бий. Тэгээд эдгээр айлуудаараа энэ дөрвөн жилийн хугацаанд байнга шахуу эргэлдэж байсан. Хоолтой, ундтай байна уу, хэнд хаана нь ямар төрлийн асуудал тулгараад байна, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн үйлчилгээг авч чадаж байна уу гээд. Үер усны асуудал тулгарлаа гэхэд ч хамгийн түрүүнд асуудлыг нь зохих ёсны газруудад нь уламжилж шийдүүлнэ. Ингэж л хүмүүстэйгээ аль болох ойр байхыг хичээж сэтгэлийн хандив, сэтгэлийн дэмийг өгч төр иргэн хоёрын дундах гүүр болон ажиллахыг зорьдог. Амьдралын нөхцөл хүнд хүмүүс нь халамжтай холбоотой ажлууд тулгарвал тухайн газруудад нь холбон зуучилж, зааж чиглүүлж өгөх гээд асуудал мундахгүй. Дагуулаад холбогдох газруудад нь очно. Энэ нь болж байна уу, үгүй юу, бид хоёр дахиж хэзээ ирэх үү гээд л. Энэ багтаа иймэрхүү байдалтай энэ дөрвөн жилийг өнгөрөөлөө. Тэгээд иргэдээс гаргасан саналын дагуу Халуун устай болгох ажил хийгдлээ. Удахгүй ашиглалтанд орно. Мөн алслагдсан баг учраас иргэд төдийлөн хашааныхаа өнгө үзэмжид анхаарч чаддаггүй. Бас дээр нь амьжиргааны баталгаажих түвшин тааруу өрхүүд олон байдаг учраас өөрсдийнх нь саналыг түшиглээд нэг удаадаа хашаа хороог нь Хөшөөт хөгжил сангаас санхүүжүүлж шинэчилж өгөх ажлыг хийлгэлээ. Ингэхдээ нэг гудамжийг “жишиг гудамж” болгон тохижуулсан.
-Өмнө нь халуун ус байсан уу, Энэ багт?
-Байсан. 2015 онд баригдсан халуун ус нь баригдаж ашиглалтад орсон цагаасаа эхлээд ашиглахад бэрхшээлтэй байсан байдаг юм байна лээ. Чанарын шаардлага хангахгүй буюу бохир, цэврийн худаггүй учраас ашиглах боломжгүй гээд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй байдаг. Бохирын худаггүй болохоор хөрсний бохирдол үүсгэх эрсдэлтэй. Анхнаасаа чанартай бүтээн байгуулалт хийгээгүйн үр нөлөө л дөө. Гэтэл түүнийг нь актлахгүй яваад л байгаа. Аймгийн Өмчийн газар төлөөлөгчийн хувиар албан журмаар хэд хэдэн удаа хандсан л даа. Одоог хүртэл актлаагүй л явна лээ. Удахгүй шийдэх байх. Тэгээд төвөөсөө жаахан алслагдсан байдаг учраас тэр болгон төв халуун усанд ирээд ороод байх бэрхшээлтэй. Манай багт үндсэн өрх нь 700 гаруй дээр нь бүртгэлгүй айлуудтайгаа нийлээд 1000 гаруй өрх айл оршин суудаг. Хүн амын төвлөрөл ихтэй баг. Тэгэхээр яалт ч үгүй халуун эс эрэлт хэрэгцээтэй байсан.
Бичигт багт дахиад хийх, шийдэх асуудал олон байгаа. Энэ дөрвөн жил энэ багийг нарийн мэдэрсэн. Цаашид хэрхэн яаж хөгжүүлэх вэ. Энэ олон төрлийн эмзэг бүлгийн хүмүүст төрийн үйлчилгээг, нийгмийн үйлчилгээг хэрхэн яаж хүргэх вэ гээд бодож төлөвлөсөн, иргэдтэйгээ зөвлөлдсөн ажлууд их бий. Жишээ нь жишиг гудамжаа үргэлжлүүлэн хийх, “Багийн хөгжлийн төв”-тэй болох гээд ажлууд хийхээр зорьж байна.
-Багийн хөгжлийн төв” гэхээрээ ямархуу юм байх вэ?
-Үндсэндээ тухайн багийн иргэд хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж өгөх зорилготой юм. Тухайлбал, хүүхэд багачууд дугуйлан секцэд хамрагдах гэхээр Бичигт багт байр сав, танхим байдаггүй. Түүнийг хангах зорилгоор сурагчдад зориулсан хичээл хөгжлийн танхимтай, номын сантай, ахмадуудад зориулсан чийрэгжүүлэлт, шатар даам тоглох өрөөтэй, бүх насныханд зориулсан спортын танхим, бүжгийн танхим гээд хүн бүр чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин нөхцөл бүхий төвийг байгуулахыг зорьж байгаа. Хоёрдугаарт энэ баг дээр мэдээлэл өгөх, эрүүл мэндийн үзлэг хийх төвлөрсөн танхим, байр их хэрэг болдог. Энэ дагуу багийнхаа иргэдтэй санал солилцож байгаад шийдсэн ажил.
-Ажилгүй иргэд хэр их байдаг вэ. Ажил хийх юмсан, хөдөлмөрлөх юмсан гэсэн хүмүүс их үү?
-Олон байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэлээд байна. Ажилгүй хүмүүсийг хараад байхад дийлэнх нь төрийн албанд орох сонирхолтой байдаг. Гэтэл төрийн албаны орон тоо хязгаартай шүү дээ. Төрийн албанд оруулаад өгөөч гэсэн хүмүүс ч их байдаг. Миний барьдаг нэг зарчим бол нэг хүний эрхээр нөгөө хүний боломжийг хаахгүй гэдэг байр суурьтай байдаг учраас төрийн албанд оруулж өгч чадахгүй гэдгээ шуудхан хэлдэг. Харин хувийн хэвшлийн байгууллагад ажиллах хүсэлтэй хүмүүсийг таньж мэддэг хүмүүсээрээ дамжуулаад ажилд зуучилж өгдөг тохиолдлууд бий. Тэгээд ихэнх нь сургууль, цэцэрлэгт оруулаад өгөөч л гэдэг.
-Цэцэрлэг гэснээс цэцэрлэгийн хүртээмж хэр вэ. Цэцэрлэгийн эрэлт их бий юу?
-Хэрэгтэй байгаа. Мандах наран хороолол байгуулагдаж байгаа. Энэ хороололд яваандаа нүүж ирэх хүмүүсийг тооцвол энд яваандаа сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ зайлшгүй гарна. Тиймээс үүнийг бас бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй.
-Танай багийн энэ жишиг гудамж их дажгүй болсон харагдана лээ?
-Би энэ жишиг гудамжны хашааг хийж байхад өөрөө очиж зогсож байгаад хяналтаа тавиад хийлгэж байлаа. Заримдаа банз материалуудаас нь эхлээд чанаргүй зүйлс орчих гээд байсан учраас очоод зогсчихдог. “За эгч нь энэ хөрөнгө оруулалтын ажлыг чинь энэ багийн иргэдэд зориулж төсвийг нь тавиулж ирсэн юмаа. Тиймээс чанартай сайн хийх хэрэгтэй гээд хэлэхэд компанийх нь хүмүүс болохоор төсөв нь бага болохоор бидэнд ашиг гарахгүй хэцүү байна аа гэдэг байсан. Тэгээд сүүлдээ би ажил хийж байгаа хүмүүс дээр нь очоод ундаа ус, тамхи тариаг нь авч өгөөд “энэ шуурхай банзыг нь сольчих, тэрийгээ тэгчих гэж байгаад л уг ажлыг хийлгэж байлаа.
-Ер нь энэ аймаг орон нутагт хийгдэж байгаа энэ бүтээн байгуулалтын ажлыг яг ингэж явцын хяналтыг нь сайн тавьж хийлгэмээр байгаа юм. Төлөөлөгч нь байна уу, иргэн нь байна уу хэн нь ч хянах, шаардлага тавих эрхтэй шүү дээ. Тиймээс явцын дунд хянахгүй бол нэгэнт хийгдчихсэн хойно бол асуудал ярихад хэцүү байдаг?
-Тийм. Энэ бүтээн байгуулалтын хувьд бол айлуудын хашааг хийж өгч байгаа болохоор иргэд өөрсдөө явцын хяналтыг бас сайн тавьж байсан л даа.
-Өнөөгийн нийгэмд ард иргэдийн дийлэнх нь яг нүдэнд өртсөн бүтээн байгуулалт, эд материалд л ач холбогдол өгөөд түүнийгээ нэхээд байдаг болчихсон байна. Гэтэл эд материалын биш чанарын өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн яаж хийвэл зүгээр юм шиг санагддаг вэ?
-Багийн түвшинд бид тулгамдаж байгаа асуудлууд дээр нь тулгуурлаад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудын ажил хийх зүй ёсны хэрэг байдаг. Мөн өөрийн чинь хэлдгээр төлөөлөгч болсны хувьд аймаг орон нутгийн хэмжээнд бид хөгжилд хэрхэн яаж хувь нэмэр оруулах вэ, яаж бүс нутгийн хэмжээнд хэрхэн хөгжих вэ гэдэг дээр анхаарч ажилладаг. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд ч гэсэн гаргаж буй шийдвэрүүдэд энэ бодлогоо барин ажилладаг. Мөн дээр нь эрүүл мэнд, боловсролын салбарыг улс төржүүлэхгүй байлгах юмсан гэж их хичээдэг. Миний дуу хоолой хүрдэг бол энд л хүргэхийг зорьдог. Хамгийн гол нь шударга байх, иргэдэд тэгш боломжийг бий болгох наад захын зарчим бол хүн өөрөөсөө л эхлэх ёстой.
Эмэгтэй хүн улс төрд хоёр дахин их ачаа үүрч ордог
-Таныг өнөөгийн бидний цаг үед бас улс төрд явж байгаа эмэгтэйчүүдийн хувьд манлайлагч эмэгтэйчүүдийн нэг гэж харж явдаг. Өөрөө өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний каррьерт хүрсэн. Энэ бүхэнд өдий зэрэгт хүрэхэд олон л саад бэрхшээл туулсан байх. Нэн ялангуяа эмэгтэй хүн улс төрд орно гэдэг бол амаргүй даваа. Ер нь заавал улс төрд орохоос гадна ар гэрийн шахалт дарамтаас шалтгаалаад олон нийтийн ажил арга хэмжээнд оролцож чадахгүй, хөдөлмөрлөж ч чадахгүй гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд багагүй байдаг?
-Эмэгтэй хүн бол улс төрд эрэгтэй хүнийг бодвол хоёр дахин их ачаа үүрч орж ирдэг. Бас эмэгтэй хүн аливаа зүйлд тэвчээртэй, зөөлөн ханддаг. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шиг. Миний өнөөдрийг хүртэл явж ирсний үр дүн бол би бусдад хандаж байсан тэр харилцаа хандлага эргээд надад ирж байгаагийн тусгал гэж ойлгодог. Хүмүүсийн надад итгэл үзүүлсэн тэр их итгэлийг бас дааж явах юмсан гэж хичээдэг. Миний гол зарчим бол бусдыг ялгахгүй харьцаж, бусдад өөртөө ханддаг шигээ энэрэнгүй, зөөлөн хандаж явахыг чухалчилдаг. Түүнээс гадна эмэгтэй хүн ер нь их шударга байдаг ш дээ. Хэлэх гэснээ хэнээс ч айж эмээлгүй хэлчихдэг. Эх хүн үр хүүхдээ хайрладаг шигээ түүнийхээ амьдрах нийгмийг ч гэсэн сайн сайхан байлгах гэж хичээдэг тэмцдэг байх ёстой. Тэгээд зоригтой байх хэрэгтэй. Эмэгтэй хүн улс төрд ороход их олон саад бэрхшээл тулгарна. Гэхдээ яахав өөрөө зөв явахад тэр их саад бэрхшээл бол цаг зуурын л асуудал. Хамгийн наад захын асуудал бол эмэгтэй хүн гэдэг утгаар нь хэн нэгэнтэй холбож хамаатуулах гэж үздэг. Нэр хүндэд нь халдаж зоригийг нь мохоох гэдэг. Гэр бүлийн хүмүүс рүү нь хүртэл нөлөөлж элдэв худал үнэн мэдээлэл өгдөг явдал байдаг. Гэхдээ тэр болгоноос айж аливаа юмнаас хойш сууна гэж байхгүй ш дээ. Боломж олдвол эмэгтэйчүүд минь нийгмийн идэвх оролцоотой байх хэрэгтэй. Хүн чинь нийгмийн амьтан шүү дээ. Би боддог юм. Цаашид бидний араас хүч түрээд гарч ирэх залуу бүсгүйчүүддээ жим болох юмсан. Зориг, итгэл өгөх юмсан гэж өөрөө бас үлгэрлэж явах юмсан гэж өөрийнхөө чадах, мэдэх хэмжээндээ туслахыг хичээдэг. Эмэгтэй хүнээс эр зориг ч гардаг, ур ухаан ч гардаг. Тиймээс араас хүч түрэн гарч ирэх залуу бүсгүйчүүддээ нам гэсэн өнцгөөс биш хувь хүнийх нь зүгээс харж туслаж дэмжиж иргэн хүнийхээ, хувь хүнийхээ үүргийг биелүүлнэ гэж боддог. Би улс төрд орсны 6 жилийн энэ хугацаандаа зовлон жаргал гээд зөндөө юм туулсан. Үүнийг бас хойч үе минь арай хөнгөн туулаасай гэсэндээ миний зүгээс ямар боломж, дэмжлэг байна түүнийгээ зориулахыг боддог. Намайг эмэгтэй хүн гэдэг үүднээс нь улс төрийн хувьд яахав дарамт шахалт ирдэг байсан. Энийг тэрийг дэмжсэнээс болж. Ар гэрт очиж нөлөөлөх гэнэ, амраг садны явдалтай болгож нэр хоч өгнө, аалзны тор хүртэл зохиогоод олон нийтэд нэр хүндийг нь гутаах гэж оролдох үе байсан. Энэ бол улс төрчдийн нэг бохир арга л даа.
-Тэгээд тэр бүхнийг даваад л гардаг байх?
-Тэгсэн. Заримдаа бүүр хэцүү үе бий. Яая доо гээд суудаг. Гэхдээ энэ нь нэг л өдрийнх байсан. Миний цаад хүн нь өөрөө дайчин шинжтэй юм шиг байгаа юм /инээв/. Нэг өдөр сэтгэлээр навс унаад хэвтэнэ. Тэгээд маргааш нь гай ш дээ гээд босоод ирдэг. Тэгээд тэр унаад босоод ирэх болгонд сэжүүр болдог урам зориг өгдөг зүйл байдаг. Би чинь олон хүнтэй эвтэй, зүйтэй харьцаж, тус хүргэж байсны буян ч гэх юмуу, үр дүн ч гэх юмуу. Олон найзуудтай. Дүү найзууд байна, ах найзууд байна, эгч найзууд байна. Энэ олон түмний намайг гэсэн сэтгэл, итгэл намайг дор нь л босгоод ирдэг дээ.
-Та чинь алдарт эх болчихсон байх аа. Өнгөрсөн жил нярайлчихаад тун удалгүй хуралдаа суугаад явж байсныг нь хараад бас өрөвдөх, бахархах сэтгэл төрж байлаа. Өөрийгөө бодвол гэртээ суугаад гамаа бариад байж байхад үгүй гэх газаргүй шүү дээ.
-Тийм 4 хүүхэдтэй. Би яахав биеийн амрыг хараад суугаад байж чаддаггүй зантай. Эмэгтэй хүн бол яг цагаа тулаад ирэхээр дайчин ш дээ. Түүх сударт ч гэсэн гардаг биздээ. Улс төрд олон шударга, зарчимч эмэгтэйчүүд орж ирээсэй гэж хүсдэг. Үр хүүхдээ хайрладаг хайраа бусдыг болон нийгэм, орон нутгаа хайрлах хайр болгоод энэ улс орныхоо хөгжилд салбар салбарт хүчин зүтгээсэй гэж боддог. Улс орны хөгжил бол аль нэг нам улс төрийн үйл явцаар дамжиж шийдэгддэг, шийдвэрлэгддэг шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд маань энэ шат дамжлага руу орж өөрсдийн хувь нэмрээ оруулаасай л гэж хэлмээр байна.
-Таныг бизнесийн салбарт ажиллаж байгаад улс төр лүү орж ирснийг нэлээдгүй хүмүүс мэдэж байгаа байх. Харин таны эзэмшсэн мэргэжил, боловсролын талаар сонирхож байгаа хүмүүс байгаа байх?
-Би анх конкурсдээд МУИС болон ОХУ-д суралцах хуваариуд авсан юм. Тэгээд бодож байгаад ерөөсөө гадны улсын соёлыг суралцана, бас хэл устай болно гээд ОХУ-ын Улс ардын аж ахуйн сургуулийг Эдийн засгийн удирдлагын академи байхад нь би элсэж орсон. Тэгээд тэнд ороод 5 жил сурч төсөөд Улаанбаатар хотод хотын гааль дээр дадлага хийгээд Гаалийн байгууллагад орж ажиллах боломж нээгдсэн байсан. Тэр үед цалин мөнгө энэ тэрийг нь бодож үзээд дүү маань бас оюутан болж байсан болохоор айлын том нь ажил хийх ёстой гэж бодоод гаальд ажиллаагүй. Тэгээд би бас тухайн үедээ сургуулийнхаа аспирантурт элсэн орсон байсан. Манай ангийн бас цөөхөн хэдэн хүүхэд орсон байлаа. Тэгээд эхний нэг жил нь сураад хоёр дахь жилээсээ сургуулиа орхиод гурилийн бизнес хийж эхлэсэн. Тэгж л энэ салбар руу орж ОХУ-аас гурил импортолж эхлэсэн. Тэгээд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор хүртэл гурилаа зардаг байлаа. 2003 онд анх хувийн салбар руу орж эхлэсэн түүнээс хойш 20-иод жил болж байгаа юм байна. Саяхан би ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах шалгалтад орж тэнцээд тус улс руу магистрт суралцах эрхээ авсан. Би бас боддог юм. Дайн үзсэн ард түмэн гэдэг өөр байдаг юм байна гэж. Хүмүүс нь их хөдөлмөрч, зарчимч, үнэнч хүмүүс байдаг. Хүнд гаргах сэтгэл нь чин сэтгэлийнх байдаг. Бидний үеийн оюутан залуус ихэвчлэн дэлхийн сонгодог зохиол уншдаг, сонсдог. Амралтын өдрүүдээрээ номын зах руугаа гардаг гээд хувь хүний хөгжил, боловсролд их анхаардаг л даа. Тэгээд тэр хүмүүсийг дагаад бас аливаа юмыг олон талаас нь харах үзэл цаашлаад ертөнцийг үзэх үзэл тэндээс л төлөвшиж тогтсон болов уу гэж боддог. Залуучууддаа захихад ном байнга унших ёстой л гэж хэлмээр санагддаг. Хүн номоос их олон юм сурдаг. Амьдралыг үзэх үзэл, аливаа зүйлд хандах хандлага, нийгмийн олон талт үзэл санааг олж хардаг. Тэр дундаа түүхийн номуудыг зайлшгүй унших хэрэгтэй. Энэ эх орны үнэ цэнэ юу байсан юм. Өвөг дээдэс маань өнөөгийн энэ газар нутгийг хэрхэн тэмцэж авч үлдсэн юм, ямар бэрхшээлүүд туулж байсан гээд судлах хэрэгтэй. Тэгж байж хүн эх орныхоо үнэ цэнийг мэднэ. Өөрийгөө хөгжүүлж улс орноо хөгжүүлэхийг зорино.
Хувийн ашиг сонирхлоо хойш нь тавиад нийгмийнхээ
сайн сайхны төлөө хичээх хэрэгтэй
-Одоо бол бидний амьдарч байгаа энэ цаг үе бол харьцангуй тайван нийгэм байна шүү дээ.
- Тиймээ. Бидэнд одоо дайн тулаан гэж зүйл алга. Зөвхөн өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх л зорилго байна. Тэгэхээр хуучин цаг шиг эх орноо хамгаалах гэж тэмцэх шаардлага тулгараагүй байна. Харин энэ биеийнхээ хувийн ашиг сонирхлыг л дарах түр хойш нь тавиад нийгмийнхээ сайн сайхны төлөө хичээгээд явах шаардлага байна.
-Нээрэн л улс төрчдийг бид амиа золиослоод тулалдаад өг гэж шаарддаггүй шүү дээ.
-Яг тийм. Шунал хүслээ л жаахан дараад амин хувийнхаа асуудлыг түр хойш нь тавьчихвал болох гээд байгаа байхгүй юу. Эрт дээр үед бол амь биеэ ар гэрээ хүртэл зольж байсан. Тэгэхээр юм үзэж, уншиж судлаад ирэхээр хүнд ийм бодлууд суудаг.
-Хүн ер нь сайн явж, юм үзэж өөрийгөө нэлээд боловсруулж байж улс төрд ормоор юм шиг байгаа юм. Таны хувьд бол ОХУ-д 5-6 жил сураад өөрийгөө нэлээд боловсруулаад ирсний дараа энд ирээд өөрийгөө голох, за бас зэвэрч байна даа гэж бодогдох үе байсан уу?
-Би өөрийгөө дахин хөгжүүлэх юмсан. Сурах юмсан гэсэн энэ бодолтойгоо байсаар байгаад ОХУ- д дахин магистрт суралцах болсон. Хүн ер нь байнга л суралцаж, юм үзэж харж нийгэм цаг үеэсээ хоцрохгүй явах ёстой байдаг. Тэгээд одоо юмс их хурдтай хувисан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дахиад сурах болсондоо баяртай байгаа. Миний оюутан үетэй харьцуулахад юу нь яаж өөрчлөгдсөн байна. Бид өөрсдийгөө дэлхий нийттэй харьцуулахад ямар түвшинд байна. Яаж хөгжих ёстой юм гээд сурч судлах зүйл их бий. Яахав магистрт сурах учраас төдийлөн их цаг хугацааг тэнд зарцуулаад байнга тэнд байгаад байхгүй л дээ. Сэдвээ аваад ирэн очиж байна. Тэр хооронд бас их туршлага хуримтлуулах байх гэж бодож байгаа. Би бизнесийн салбарт нэг үгээр бол зах дээр 17, 18 жил ажиллаад, улс төрд ороод 6 жил гээд үзэхэд энэ хугацаанд нэг дээд сургууль төгссөнтэй ижил туршлага хуримлуулсан гэж боддог. Би зах дээр ажиллаж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгосон. Шийдвэр гаргаж улс орны бодлого тодорхойлох түвшинд зөв л хүн ажиллах ёстой юм байна гэж. Нэг шийдвэр буруу гарахад хичнээн олон хүн хохирдог билээ. Тэгэхээр би ганцхан амиа тээгээд өөрийгөө болгоод явъя гэж бодоогүй. Миний хувьд бизнесийнхээ салбарт ажиллаад явахад хангалттай амьдралаа аваад явах боломжтой л доо. Гэхдээ би бас нийгэмдээ хувь нэмрээ оруулъя, бусдын төлөө явъя, олон нийтийн дуу хоолой болж үзэл бодлоо тусгая гэдэг үүднээс энэ замыг сонгосон.
-Таны дараагийн хүсэл мөрөөдөл, дараагийн каррьер юу вэ?
-Би өөрөөрөө үлгэрлэе гэж боддог. Залуу хойч үедээ, охид бүсгүйчүүддээ зөв үлгэрлэх юмсан гэж хичээдэг. Тэгээд бусдад амьдралынх нь үүд хаалгыг нээхэд тэгш хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд би ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж хувь нэмрээ оруулж чадах вэ л гэж бодож байгаа. Миний үзэл бодолтой нийлэх хэдэн залуу гарч ирэх бол, бид хэдүүлээ болох бол гэж боддог. Үгүй яахав үлгэр дуурайлал авах хүмүүс зөндөө байсан. Гэхдээ бид энэ цаг үе нийгмийнхээ хувьд эргээд хүмүүст зөвөөр дурсагдах тэр зөв замыг л гаргаж явах юмсан гэж боддог. Залуу бүсгүйчүүд минь надаас урам аваасай гэж бас боддог. Эмэгтэй хүн өнөөдөр улс төрд ороод ч, үр хүүхдээ гаргаад ч аль алийг нь орхигдуулахгүй авч явж байхад нөгөө талаас нь үг дуугаруулахгүй байлгах гэж, зоригийг нь мохоох гэж тэмцдэг хэсэг ч байдаг. Тэр бүхний балансийг алдахгүй хэд дахин их тэвчээр заагаад явах боломж байдаг шүү гэдгийг охид бүсгүйчүүд маань харж итгэл найдвар төрөөсэй л гэж боддог.
Хүн шиг хүн байна уу гэдгийг л чухалчилмаар байгаа юм
-Та хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг вэ. Манай орон нутагт хүүхдээ хөгжүүлэх боломж нөхцөл хэр байна вэ?
-Сургуулиудыг харж байхад багшаас маш их зүйл шалтгаалдаг. Сайн багштай газар сайн хүүхэд төрдөг. Тэгэхээр миний нэг сэтгэл эмзэглүүлдэг зүйл юу вэ гэхээр нэн ялангуяа манай Бичигт багийн охидууд шалгалт өгөөд ихэвчлэн 1-р гарч ирдэг. Тэгээд ярилцлага өгөөд уначихлаа, эгчээ би тэгж чадсагүй, ингэж чадсангүй гээд хэлж байдаг. Тэр бүхнээс харж байхад өнөөгийн бидний шинэ залуу үеэ ажил хөдөлмөрт шалгаруулж авч байгаа систем, арга барил нь хөрсөн дээрээ бууж өгөхгүй байна уу гэж хараад байгаа. Тухайн хүнийг хувь хүнийх нь төлөвшил, ур чадвар хичээл зүтгэлийг нь зөв үнэлж чадахгүй байна уу гэж хардаг. Бид хүнээр хүн төлөвшүүлэх гэж байгаа болохоос биш ямар нэг роботоор хүн бүтээлгэх гээгүй шүү дээ. Тиймээс л ямарч хүнд чин сэтгэл, зарчим, хүсэл тэмүүлэл эрмэлзлэл байна уу гэдгийг эхлээд харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнийг бид ямар ч шатанд аливаа зүйлийн шалгаруулалтандаа оруулж өгмөөр байна. Хамгийн гол нь хүн шиг хүн байна уу гэдгийг л харах чухал. Тэрнээс биш хэдэн тоо цээжлэх, хэлбэр дүрс өнгө мөнгөнд анхаарах асуудал бол хоёрдогч зүйл шүү дээ. Жишээ нь, Багшийг сонгон шалгаруулах систем дээр жишээ болгоод хэлэхэд л хэн нь илүү хүүхдүүдээ мэдэрч, хүүхдүүдтэйгээ харьцаж чадаж байна гэдгийг илүүд үзмээр байгаа юм. Бид тэднээр эргээд хүний нийгмийг л бүтээлгэх гэж байгаа шүү дээ. Би бол хүүхдүүддээ нэг их давтлага сонгонд хүчээр суулгаад байдаггүй. Манай хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл эрмэлзлэлээрээ л явдаг. Тэгсэн атлаа боломжийн амжилт гаргаад яваад байдаг. Гэхдээ бас анхаарах зүйл байна аа. Манай том хүүхэд бас саяхан шилжлээ л дээ. Ээжээ би өөрийгөө тэлмээр байна, задармаар байна. Орчноо солиод үзэе гээд шилжсэн. Миний хүссэнийг өгч чадахгүй байна гээд явсан. Боломжтой нэг нь яахав ингээд хүүхдийнхээ хөгжилд анхаарч байна. Гэтэл боломжгүй хүмүүс ч байгаа. Тэгтэл хүүхэд нь чадвартай хэрнээ түүндээ анхаарч чадахгүй байгаа олон аав ээж байгаа шүү дээ. Тиймээс л үүнийг чинь тэгш байлгая, шударга байлгая гэж хэлээд байдаг нь ийм учиртай. Хэн хүний амьдрал дээр тулгарч байгаа асуудлуудын нэг. Ховд аймагт маань олон мундаг залуучууд төрөөсэй гэж хүсээд байгаа ажлуудын маань нэг энэ. Манай багийн охидууд их ярьдаг. Энд шалгалт өгөөд орсонгүй. Гэтэл хотод очоод шалгалт өгөөд орчихлоо гэдэг.
-Аймгийн ИТХ-д 4 жил суусан хүн чинь одоо бол төсөв мөнгөө хэзээ нь хэрхэн яаж санал өгч, хэрхэн яаж хувиарлах вэ. Тулгамдсан ямар асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бол нэлээд сайн ойлгож мэдэж авсан гэж ойлгоод байгаа?
-Төлөөлөгч гэхээсээ гадна тэргүүлэгчээр бас давхар ажилласан болохоор их туршлага хуримтлуулсан. Яг 4 жил сурсантай адил. Тэргүүлэгч гэдэг бол бодлогийн түвшинд гарах шийдвэрүүд дээр сууж байдаг болохоор их хариуцлагатай ажил. Энэ ч үүднээсээ их хариуцлагатай байх ёстой. Би зөв юманд шийдвэр гаргаж байна уу, буруу юманд шийдвэр гаргаж байна уу гэдгийг байнга анхаарах хэрэгтэй болдог. 41 төлөөлөгч тэр бүр оролцож чадахгүй байхад 11 тэргүүлэгч нь ихэвчлэн шийдвэрээ гаргаж байдаг. Учир нь бусдынхаа итгэлийг давхар үүрээд цаана нь ард түмнийхээ том итгэлийг дааж явах учраас хариуцлагатай байхаас өөр аргагүй. Би бас олон зүйлтэй санал зөрөлдөж, дэмжмээргүй олон асуудалтай тулгардаг. Түүнийг нь иргэд ч гэсэн хэлдэг. Хамгийн наад захын зүйлс гэхэд иргэдийн өгсөн анхан шатны санал хүсэлт шийдэгдэхгүй байдаг, иргэдийн хүсээгүй шийдвэрүүдийг дээгүүрээ дур мэдэн шийдвэрлэдэг асуудлууд ч байдаг. Тэгээд зарим иргэд хэлдэг бид үүнийг хүсээгүй байхад та нар яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ гэж.
-Шуудхан хэлэхэд зарим газарт нэн тулгамдсан биш төдийлөн өнөө маргаашдаа хэрэгцээгүй бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг. Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс өөрсдийнхөө баг, суманд хөрөнгө оруулалт их хийсэн болох гээд бусад сум багийн илүү тулгамдсан асуудлыг үл ойшоодог явдал харагддаг?
-Тийм зүйл байгаа. Ямарваа нэг зүйлийг эрэмбэлэх ёстой. Ард иргэдийнх нь нягтрал нь хаанаа байна, хэдэн хүн үүнийг хэрэглэх вэ гээд. Үр ашгийн тооцоог сайн бодож гаргах ёстой. Би багийнхандаа их хэлдэг л дээ. Багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцоорой. Яагаад гэвэл та нарын асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас та нар оролцох ёстой гэж. Манай багийн хувьд хоёр жилийн турш халуун усаа ярьсаар байгаад ажил хэрэг болгосон. Тэгэхээр төсвийн тухай хуулийн дагуу Нийтийн сонсголыг цаашдаа хийх хэрэгтэй. Тэгээд ирэхээр 150 айл үр ашгийг нь хүртэх суманд хийх үү, 1500 айл үр шимийг нь хүртэх багт хийх үү гэдгээ ялгаж салгаж шийдвэрлэхэд илүү дөхөмтэй байх болно. Нэг үгээр бол иргэдийн оролцоо бий болсноор хяналт нь сайжирна. Энэ зарчмаар миний чиний ардын, ардчилсан гэж ялгахгүй нэн тулгамдсан асуудлуудыг эрэмбэлээд хийдэг баймаар байгаа юм. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр яаж хангаж шийдвэрлэх вэ гэдгийг сайн бодолцож баймаар юм уу л гэж боддог. Үүнийг ингэж хийхэд хүн сэтгэлтэй л байх ёстой. Зөвхөн өөрийнхөө гарсан тойрогт дахиж гарахын тулд би үүнийг хийсэн, чи үүнийг хийсэн гэхээсээ илүү бид нийтийн эрх ашгийг ингэж хамгаалсан, нэн тулгамдсан асуудлыг ингэж шийдсэн гэж хэлэх үгтэй байх хэрэгтэй.
-Аймгийн ИТХ-д сууж байгаа хүмүүс дотор тэр дундаа эмэгтэйчүүд дотроос харж байхад аливаа асуудалд та овоо сүрхий үзэл бодлоо илэрхийлж санал шүүмжээ хэлээд байх шиг харагддаг юм. Улс төрд ихэвчлэн эрчүүд байдаг болохоор эрчүүд хоорондоо хаана ч хэзээ ч ойлголцчихдог, зарчим нийлчихсэн байдаг байх. Та тэр дунд хэрхэн өөрийнхөө саналыг тусгаж, үзэл бодлоо хүргэж явдаг вэ. Бас их гадуурхал, дарамт шахалт, үл ойшоогдох байдал тулгарах уу?
-Олон нийт, ард иргэдийг төлөөлж байгаа учраас хэлэх шаардлага гарвал хэнээс ч айж ичихгүй хэлдэг. Энэ бол төлөөлөгч хүний үүрэг шүү дээ. Миний мэдэхгүй зүйл дээр ямар нэгэн шийдвэр гаргах гэж байвал түүнийг заавал холбогдох мэргэжлийн хүмүүсээс нь асууж, тодруулж учир холбогдлыг мэдэхийг зорьдог. Хүн бүгдийг мэддэг байх боломжгүй шүү дээ. Тэгээд өөрийнхөө мэдэхгүй зүйлийг хүмүүсээс асууж илүү их мэдээлэлтэй болсныхоо дараа асуудлыг ул суурьтай ярьж, асуудалд ханддаг. Тэгээд тэр их ашиг сонирхлоор гаргах гээд байгаа шийдвэрүүд дээр “энэ ийм учиртай юм байна лээ. Үүний цаана ийм ийм асуудал байдаг юм байна аа” гээд яриад эхлэхээр зарим үед аргагүйн эрхэнд үнэн ялах үе бий.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч Ж.Саруул