Засгийн газрын шийдвэрээр 3 дугаар сарын 21-ээс эхлэн, онцгой нөхцөлд дагаж мөрдөх журмын шаардлага хангасан нүүрс экспортлогчдын гадагшаа нүүрс нийлүүлэлтийг зөвшөөрсөн боловч Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо компаний хувьд нүүрсний экспортыг эхлүүлэх эрх нь нээгдээгүй байгаа юм. Энэ нь журмын шаардлагыг хангасан тухай мэдээллээ ирүүлээгүй, баталгаа нь бий болоогүй байгаатай холбоотой хэмээн аймгийн МХГ-аас тайлбарлаж байсан.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байгаа юм байна. Үүнд :
Шивээхүрэн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12.9 мянган тонн нүүрс
Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42.9 мянган тн нүүрс, 9.9 мянган тонн төмрийн хүдэр
Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31.9 мянган тонн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тн ачааг илгээсэн байна.
Сайншанд дахь гаалийн газрын Ханги дахь боомтоор гуравдугаар сарын 26-наас экспортыг эхлүүлснээр 28 тээврийн хэрэгслээр 2.3 мянган тонн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.6 тн төмрийн хүдрийг тус, тус экспортолжээ.
Тэгвэл энэ сарын 4-5-нд Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон Ховд аймгийн Оцгой комиссын ажлын хэсэг хамтран Мо-Эн-Ко ХХК болон төмрийн хүдрийн олборлолт явуулдаг Эй-Эл-Жи-Ти ХХК-ийн “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангаж буй байдалд хамтарсан хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд нүүрс болон төмрийн хүдрийн тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах талаар тодорхой санал бэлтгэн холбогдох газруудад нь хүргүүлсэн бол 4 сарын 8-ны өдөр энэ чиглэлээр байгуулагдсан аймгийн ажлын хэсэг хуралдаж, тухайн сарынхаа 15-ны өдрөөс ажлын хэсгээс гаргасан тусгай санал болон Засгийн газраас баталсан түр журмыг чанд мөрдүүлэх байдлаар экспортын нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн тухай ажлын хэсгийн гишүүд ярьж байна.