ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ

Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан “Шуурхай ажлын хэсэг” хоёрдугаар сарын 13-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлын хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдварын өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсон юм. 

Энэ үеэр шуурхай ажлын хэсгийнхэн орон нутагт амны хаалт үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, оёдолын цехүүдтэй гэрээ байгуулах, улмаар оёж бэлэн болгосон амны хаалтыг өдөрт 2 удаа татан авч, иргэдэд нийлүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, Манхан сум дахь хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэгдлээ. 

Түүнчлэн хурлын үеэр шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцэж, санал авлаа. Тус төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүдийн саналд үндэслэн дараагийн хурлаар хэлэлцэн батлах аж. 

Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн иргэн Г нь халдвар гарсан улсад зорчиж яваад Монголд ирсэн. Улмаар Баян-Өлгий аймаг буцах замдаа Ховд аймагт саатаж Цамбагарав зочид буудалд хоёр хоноод явсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож тухайн иргэнтэй ойр байсан иргэдийг олж тогтоон шинжилгээний хариу гарах хүртэл 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа юм. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ховд аймагт өнөөдрийн байдлаар хөл хорионд нийт 59 том хүн 17 хүүхэд байна. 

Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий-УБ-ын чиглэлд нислэггүй байсан учраас тухайн иргэний шинжилгээг машинаар тээвэрлэж энэ өглөө УБ хотын цагаар 05 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн бөгөөд шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байгаа. 
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын үйл ажиллагаа явуулж буй өндөр эрсдэлтэй зах худалдааны төвүүдийг үйл ажиллагаа түр зогсоогоод байна. Эдгээр зах худалдааны төвүүд нь зөрчлөө бүрэн арилгасны дараа хэвийн ажиллах боломжтой гэнэ. Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хаасан бөгөөд архи согтууруулах ундааг 17,00 цагаас хойш худалдан борлуулахгүй байхаар шийдвэрлэжээ. 
сүүлд засварлагдсан 2025-07-01 13:55:29
18 + 6 = нийлбэрийг ол!