Монголын эдийн засаг өсөх үү?

Хятад, АНУ-ын худалдааны дайны улмаас дэлхийн импорт, экспортын урсгал саарч байгаа нь Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй юм. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны мэдээллээр, худалдааны урт хугацааны хурцадмал байдал нь бүс нутгийн төлөв байдлын гол эрсдэл хэвээр байгаа боловч энэ жил зарим орнууд хөршүүдээсээ эдийн засгийн өсөлтөөрөө давуу байх төлөвтэй.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оноос бага зэрэг саарах ч тогтвортой түвшинд хадгалагдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, манай эдийн засгийн өсөлт 2019 оны 6.7 хувиас бага зэрэг буурч, энэ онд 6.1 болно гэсэн таамаглал дэвшүүлээд буй юм.

Сангийн яам, ОУВС-гийн мэдээллээр, 2020 онд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт энэ онд үргэлжлэн хэрэгжсэнээр уул уурхайн салбарын өсөлт 2020 онд 9.9 хувьд тус тус хүрэхээр төсөөлөгджээ. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус ДНБ-ий хэмжээ 2020 онд 3.7 хувиар өсөхөөр байна.

БНХАУ болон зарим хөгжингүй орон нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хэрэглээгээ бууруулах бодлого баримталж буй тул нүүрсний үнэ энэ онд буурч болзошгүй.

Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр. Өнгөрсөн оны сүүлийн хагаст Хятадын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт нь энэ онд удаашрах төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж буй юм.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмены хэлснээр 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь манай улсын экспортын салбарт нөлөөлөх нь. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Монгол Улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэхийг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч анхааруулсан юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа нь цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.

АХБ-наас мэдээлснээр, 2020 онд инфляци 8.5 хувь орчим байх бол урсгал дансны алдагдал импортын эрэлтээс үүдэн нэмэгдэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, урсгал дансны алдагдал экспортын өсөлт саарах, мөн импортын эрэлт тогтвортой хадгалагдах зэрэгтэй холбоотойгоор ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа аж.

Монголбанкнаас мэдээлснээр, эдийн засгийн өсөлтөд тогтвортой чанар (sustainability), хүртээмжтэй чанар (inclusiveness) хоёрыг онцгой анхаарах, бизнес, хөрөнгө оруулалтын орчны реформ хийх (зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал гэх мэт) асуудал чухал юм.

Эх сурвалж: Сангийн яам, ADB, Forbes
Б.ЖАРГАЛ

 

сүүлд засварлагдсан 2024-05-09 05:47:25
6 + 16 = нийлбэрийг ол!