​Д.Ангар: Дампуурах эрсдэл бүх банкин дээр байна

“Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Хуулийн төслийн талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

-“Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэдээр тогтоохоор хуулийн төсөлд тусгасан бэ?

-Энэ бол дэлхийн 80 гаруй улсад хэрэгждэг стандарт санхүүгийн төрийн бодлогын зохицуулалт байгаа. Харин манай улс энэ хуульгүйгээр 30 гаруй жил явснаар банкны систем нь улс орноо хөгжүүлдэг биш харин эсрэгээр нь хүүлдэг, аж ахуй нэгжүүдийнхээ олсон жаахан ашиг орлогыг сордог болчихоод байгаа юм. Өнөөдөр Монголын банк санхүүгийн системд тулгамдаад байгаа хоёр асуудал байна. Нэгд, зээлийн хүү маш өндөр байна. Банкнаас бизнесийн зээл авбал сард 2.2-2.5 хувийн хүүтэй байна. Жилийн 30 хувийн хүүтэй зээлээр аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж байна. Энэ өндөр хүүтэй зээлээр ашигтай ажилладаг аж ахуй нэгж гэж дэлхийд байхгүй. Сая “Капитал” банкны дампуурлын асуудал яригдлаа. Үүнийг зарим хүмүүс улс төрийн нөлөөтэй гэж ярьж байна. Хөндлөнгийн шинжээчийн хувьд харахад энэ бол зүгээр л системийн гажуудлын асуудал. Монголын банк санхүүгийн системд сүүлийн 30 жил бий болчихоод байгаа гажуудал нь банкуудыг эхнээс нь дампууруулж байна. Бид зээлийн хүү өндөр байх нь банкинд ашигтай гэж бодож байсан. Зөвхөн банкууд баяжаад байна гэсэн ойлголт иргэдэд бий. Гэтэл зээлийн хүү өндөр байх хэрээр хадгаламжийн хүү өндөр байдаг. Манай улс дэлхий дээрх хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй улс болчихоод байна. Банкинд мөнгөө хадгалуулахад жилийн 13-16 хувийн ашиг олж байна. Өндөр хадгаламжийн хүүтэй тогтолцоо ашигтай юм уу, үгүй юү гээд аваад үзвэл тодорхой жишээ нь Капитал банкны дампуурал болж байна. Өндөр зээлийн хүүнээс чанаргүй зээл бий болно. Жилийн 30 хувийн хүүтэй зээл гэж дэлхийд байхгүй. Энэ бол зүгээр ломбардын хүү. Банкууд 30 хувийн зээл гаргаад байхаар иргэдэд ч ашиггүй, аж ахуйн нэгжүүдэд ч ашиггүй. Хамгийн гол нь банкиндаа ашиггүй байдаг. Өндөр хүүтэй зээл гаргах тусам чанаргүй зээл нэмэгдэж байдаг. “Капитал” банкны дампуурлын нэг гол шалтгаан чанаргүй зээл байлаа гэдэг тайлбарыг Монголбанкнаас хийсэн. Тэгэхээр энэ бол улс төрийн асуудал биш системийн гажуудлын асуудал. Энэ эрсдэл бүх банкин дээр өнөөдөр ч байгаа. Эхний үр дүн “Капитал” банкин дээр гарсан болохоос банк дампуурах эрсдэл бүх банкин дээр байна л гэсэн үг. Хоёрт, өндөр хадгаламжийн хүүтэй байна. Өндөр хадгаламжийн хүүнээс 9000 гаруй хүн л үр өгөөжийг нь авч байгаа. Харин гурван сая хүн энэ 9000 хүний өндөр хүүтэй хадгаламжийн хүүг төлж байгаа. Энэ нь эдийн засагтаа маш их сөрөг нөлөөтэй. Гурван сая иргэнээ хүүлж байгаа, мөн банкаа эргээд хүүлж байдаг. Тэгэхээр “Капитал” банкны дампуурлын дахин нэг том шалтгаан нь өндөр хадгаламжийн хүү. Өндөр зээлийн хүү, өндөр хадгаламжийн хүүг засахгүйгээр Монголын банк санхүүгийн систем цаашид эрүүл явна гэдэг ямар ч боломжгүй. Тэгэхээр зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль Монголд хамгийн хэрэгтэй хууль. Энэ хууль гарснаар зээлийн хүүг 18 хувь болгоно. Энэ бол аргаа барсан явдал. Банк бол олон улсын стандартаар зээлийн хүү нэг оронтой тоонд л байдаг. 20, 30 хувийн хүүтэй зээл олгодог банк дэлхийд байдаггүй. Ийм хүүтэй ломбард л байдаг. Тэгэхээр өнөөдрийн жишгээр Монголын банкууд ломбард л  байгаад байгаа юм.

-Тэгвэл цаашид зээлийн хүүг дахин бууруулах боломж бий юү?

-Яах вэ, эхний ээлжид 18 хувь болгож байна. Ингэснээр хадгаламжийн хүү буурч эхэлнэ. Хадгаламжийн хүү 8-9 хувь руу орно. Дунд хугацаандаа 6-7 хувь руу орвол зээлийн хүү жилийн 12 хувь болж сарын нэг хувь болох ёстой. Ингэж байж банкны систем маань эдийн засагтаа зөвөөр нөлөөлж, иргэд аж ахуйн нэгжээ зөвөөр санхүүжүүлнэ. Хүүлдэг биш, хөгжүүлдэг болно.

-Хадгаламжийн хүүг бууруулснаар банкуудад иргэдэд олгодог зээлийн хэмжээгээ бууруулна гэсэн тайлбар өгөөд байгаа?

-Энэ бол маш худлаа тайлбар. Эхний ээлжид хадгаламжийн хүүг хязгаарлана гэж байна. Хадгаламжийн хүү буурснаар Банкны холбооны хэлээд байгаа мөнгө буруу замаар орох, далд хэлбэрт орох гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Харин санхүүгийн зах зээл дээр бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүд бий болох боломж бүрдэнэ. Хөрөнгийн зах зээл хөгжинө. Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн салбар хөгжинө. Харин банкны хадгаламжийн хүү, зээлийн хүү өндрөөс болоод  эдийн засагт  зохиомол мөнгөний хомсдол бий болчихоод байгаа. Арилжааны банкуудад дөрвөн их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө байна. Үүнийг нь Төв банк жилийн 11-12 хувийн хүүтэйгээр өөр дээрээ аваад дарчихаад байгаа. Бид мөнгө хомс байгаа учраас зээлийн хүү өндөр байна гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр эдийн засагт дөрвөн их наяд төгрөг илүүдэлтэй байгаа. Үүнийг Монголбанк Төв банкны үнэт цаас гэсэн хэрэгслээр өөр дээрээ хадгалчихаад байгаа юм. Зээлийн хүү, хадгаламжийн хүү буурснаар энэ дөрвөн их наяд төгрөг эргэлдэж эхэлнэ. Хамгийн наад захын жишээ гэхэд ипотекийн зээлийн эх үүсвэр олдохгүй байна гэж байна. Хэрвээ зээлийн хүү, хадгаламжийн хүү буугаад эхлэвэл энэ дөрвөн их наяд төгрөг өөрөө эргэлтэд ороод эхэлнэ. Ипотекийн зээлд төрийн мөнгө биш зах зээл дээр байгаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө зах зээл дээрх эрэлт хэрэгцээнд бизнесийн зарчмаар орно гэсэн үг.

-Та өндөр хүүтэй хадгаламжаар 9000 гаруй хүн л хожиж байна гэсэн зүйл хэллээ. Энэ ямар учиртай тоо вэ?

-Энэ бол 100 саяас дээш хадгаламжтай хүмүүсийн тоо. Манайд 100 саяас дээш хадгаламжтай 9900 орчим хүн байдаг. Тэгэхээр өндөр хадгаламжийн хүүнээс энэ 9000 гаруй хүн л хожиж байна. Харин төлөөсийг нь гурван сая хүн төлж байна.

 

Эх сурвалж: itoim.mn

сүүлд засварлагдсан 2024-03-29 11:27:04
5 + 14 = нийлбэрийг ол!