ХХҮГ-ААС ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДААР ГҮЙЦЭТГҮҮЛЖ БАЙНА

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дагуу “Ахмад чөлөөт эмч нар” ТББ-тай хамтран ахмад настанд зориулсан “Өдрийн үйлчилгээ” үзүүлж байна. Энэхүү үйлчилгээний үндсэн чиглэл нь нийгмийн эмзэг бүлгийн өөртөө үйлчлэх чадвартай ахмад настнуудыг хооллох, сургах, хөгжүүлэх замаар орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах зорилгоор ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амраах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох чадваруудыг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

“Ахмад чөлөөт эмч нар” ТББ нь анх 2007 онд бөгөөд 40 гаруй эмч ажилтантай. Тус байгууллага нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр өнгөрсөн 2018 онд өдрийн үйлчилгээнд 335 ахмад настанг хамруулжээ. Тэгвэл энэ онд 200 гаруй ахмад настанг өдрийн үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Үүнээс одоогийн байдлаар 80 гаруй ахмад настан өдрийн үйлчилгээнд хамрагдаж толгой, дал мөр, хөл, нурууны массаж, нөхөн сэргээх 10 төрлийн эмчилгээ сувилгаа хийлгэх замаар биеэ эрүүлжүүлж байна. Өдрийн үйлчилгээ гэдэг нь хөдөлгөөн нь хязгаарлагдсан, эмнэлэгийн тусламж авахад бэрхшээлтэй болсон энэ үед нь бидний зүгээс өдрийн эмчилгээний үйлчилгээг явуулсаны үр дүнд зогсонги байдалд орсон үйл ажиллагаа, эд эс нь сэргэдэг давуу талтай. Нийтдээ тус төвд 15 нэр төрлийн аппарат тоног төхөөрөмж ажиллаж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн эмч нарын баг гэдэг утгаараа өдөр тутмын эрүүл амьдралын хэвшил, зөв хооллолтын зөвлөгөө зэргээр ахмад настанд үйлчлэх үйлчилгээгээ илүү сайн болгохын тулд гар массаж, бумба, бариа, хөлний улын цэгэн бариа, хөлний аппаратууд, хаш чулуун ор гэх зэрэг нэн шаардлагатай багаж төхөөрөмжөөр иргэдэд үйлчилж байна. Үүнээс гадна өглөөний цай, шим тэжээл өдрийн хоолуудаар үйлчилдэг аж. 

Мөн ХХҮГ-аас жил бүр асаргаа сувилгаа шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, саажилттай хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Энэ дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Ачлалт наран хайрхан ивээл” эмнэлэгтэй хамтран ажилласнаар зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд, 20 иргэнийг үнэ төлбөргүй сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамруулжээ. Өнгөрсөн онд 42 иргэн, 15 хүүхдийг үнэ төлбөргүй сэргээн засах үйлчилгээнд хамруулсан байна. Сэргээн засах үйлчилгээний дагуу Сүүн ба тосон бумба тавих, сэргээн засал, цахилгаан эмчилгээ зэргийг хийж байна.

Ийнхүү төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаадаа баяртай байгаагаа онцолж байлаа. Харин үйлчлүүлэгчдийн зүгээс оочир дараалалгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байгаа ТББ-ынханд болон төрөөс бодлогоор зохицуулж байгаа энэхүү үйл ажиллагаанд “сэтгэгдэл өндөр байна” гэдгээ илэрхийлж байв.  

сүүлд засварлагдсан 2025-07-01 09:59:47
2 + 8 = нийлбэрийг ол!