С.Бямбацогт: Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6.0 хувь байхаар баталлаа

2020 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд тавьсан ижил төрлийн дараах дөрвөн асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариултаа ирүүлсэн байна. Мэдээллийг дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

-2020 оны улсын төсөв батлагдах гээд хэлэлцэх шатандаа явж байна. Таны хувьд Ховд аймаг буюу тойрогтоо ямар төсөв батлуулахаар ажиллаж байна вэ. Сангийн яаманд өргөн бариад байгаа төсвийн нийт дүн хийгээд задаргааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ 7 хоногийн лхагва гарагт ирэх оны улсын төсөв батлагдсан. Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг байхаар баталлаа. Миний хувьд 2020 оны 01-р сарын 01-нээс Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг батлуулахаар чармайн ажиллаж байна. Энэ тогтоолын төслийг уг нь 2017 онд санаачилж УИХ-д өргөн барьсан ч элдэв шалтаг шалтгаанаас болж хойшилсоор одоо л нэг юм ажил хэрэг болох гэж байна. Ховд аймгийн тухайд сүүлийн 4 жил дараалан улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр улсын хэмжээнд дандаа эхний 3-н байранд орж ирсэн. Үүнээс болж бусад аймгаас сонгогдсон гишүүд барьцах, илүү харах байдал байнга л гардаг юм. Гэхдээ Ховдын хөгжлийн төлөө хойш суух эрх байхгүй учраас би тэр болгоныг нэг их тоогоод байдаггүй. Ирэх жилийн тухайд ч Ховдын хөгжил дэвшилд хэрэгтэй олон том бүтээн байгуулалт хийгдэнэ. Тэр бүгдийг энд нэгбүрчлэн ярина гэвэл их хугацаа орно байх. Аймгийн төвд л гэхэд авто зам, гэрэлтүүлэг, тохижилт, инженерийн шугам сүлжээг өргөтгөн сайжруулах чиглэлээр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Олон сумдад сургууль, цэцэрлэг, халуун усны барилга, худаг ус шинээр баригдахаар байгаа.     

 

-Ирэх жилүүдэд Монгол улс гадаад өр зээл, зээлийн хүү төлж байгаагаас үүдэн улс орон даяар бүсээ чангалах төсвийн үрэлгэн зардлыг бууруулах шаардлага гарч байх шиг байна. Гэтэл сонгуулийн жил ирж байна УИХ-ын гишүүн бүр тойрогтоо ахуйхан төсөв батлуулахаар зэхэж байгаа нь мэдээж. Энэхүү үүрэг хариуцлага, тулгарч буй асуудлуудтай холбоотой таны санал бодлыг сонсоё? 

-2016 онд бид өсөлт нь тэг болж элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орон хүлээж авсан. Ирэх жилүүдэд 2012-2016-оны хооронд тавьсан бондын өрнүүдийн төлөлт хийгдэнэ. Тийм болохоор биднийг том сорилт хүлээж байгаа нь маргашгүй үнэн. Гэхдээ үүнийг төлж давахаас биш дөлж бултах арга байхгүй учраас хамгийн оновчтой зөв шийдэл, цэгцтэй бодлого, зохион байгуулалтаар хийхээс өөр арга байхгүй. Бид сая 2008 оноос хойш 3 парламент дамжин яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа шийдэж, баталлаа. Энэ нэмэлт өөрчлөлтөд чамгүй олон сайн зүйл бий. Тухайлбал төсвийн зардлыг дураараа нэмэгдүүлдэг УИХ-ын эрх мэдлийг хязгаарласан. Энэ нь Монгол улсын өрийн хэмжээг зоргоороо нэмдэг гажуудлыг засахад мэдээж онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан алдааг давтахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа хэрэг. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилдөг байдал байхгүй болох суурийг бид тавьж чадлаа. Мөн төрийн хар хайрцагны бодлого болсон Хөгжлийн бодлогоо Үндсэн хуульдаа хуульчлан зааж өгч баталгаажууллаа. Загсийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрөөс цааш холыг харж чаддаггүй байдал үр дүнд нь арилна. Манай Ховд аймгийн тухайд гэхэд ШИНЭ ХОВД-ыг бүтээх эрин үе ирж байна. Бид өнгөрсөн хугацаанд 1200 гаруй хэвтээ болон босоо тэнхлэгийн авто зам, хос Дулааны станц,  төвлөрсөн эрчим хүчтэй болж чадсан. Энэ суурь дэвсгэр дээрээ тулгуурлан ШИНЭ ХОВД-ыг бүтээх цаг болсон. Энэ сарын 23-нд Ховд аймагт зохион байгуулагдах “ШИНЭ ХОВД Хөрөнгө оруулалт-Хөгжлийн чуулган-2” Ховдын ирээдүйг цоо шинээр харах, бүтээх боломжийг бидэнд олгоно. Дан ганц төсвийн хөрөнгө оруулалт харж, татаз авч өнөө маргаашийг аргацаадаг байдлаас гарах ёстой. Өмнө бий болгосон боломжоо ирээдүйд хүртэх өгөөж болгоход хаа хаанаа анхаарч ажиллах нь чухал байна.

-Он гараад цалингийн доод хэмжээ болон НДШимтгэл нэмэгдэх гэж байгаа. Энэ нэмэгдэл бол хувийн хэвшлийнхэнд хүндхэн тусч байгааг олон нийтээр эсэргүүцэж байгааг та харж байгаа байх. Үүнд та ямар бодолтой байна вэ?

- Ирэх онд Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэг, нэг хувиар нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дандаа алдагдалтай явж ирсэн. Энэ онд гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаз авч байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ алдагдлыг бууруулахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байгааг салбарын сайд нь хэлсэн. Хэрэв энэ сан дампуурвал бид хөгшиддөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ, ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүстээ тэтгэвэр тэтгэмж өгөх боломжгүй болно. Тэгэхээр энэ алдагдлыг, өмнө явуулж ирсэн бодлогын алдааг наана нь эртхэн засах нь дээр биз дээ. Биднийг муу хэлэх байх, шүүмжлэх байх гээд болохгүй байгаа зүйлээ хав дараад дараагийн Засгийн газар нь шийднэ биз гээд орхивол харин дэндүү амиа бодсон увайгүй хэрэг болно. Гэхдээ үүн дээр Нийгмийн даатгалын сангийн зарцуулалт, чөлөөт үлдэгдлийн үр ашгийг сайжруулах, хяналт хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлага байна гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Нэмээд хэлэхэд манайхан нийгмийн даатгалын шимтгэл гэдэг татвар биш даатгал гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар бол танаас авдаг л зүйл. Ниймийн даатгалын шимтгэл бол нэрийн дансанд тань хуримтлуулаад дараа нь тэтгэвэр тэтгэмж хэлбэрээр өөрт чинь эргүүлээд өгөх тогтолцоо. Энэ зааг ялгааг ойлгохгүй шууд шүүмжлэх өнцгөөс хандаад байх нь бас төдий л зохимжтой биш байх. Хэрвээ хэн нэгний явцуу ятгалга, буруу ухуулгад автаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй орхигдуулвал өөрийнхөө ирээдүйг хорлосон хэрэг болж мэднэ гэдгийг мартаж болохгүй. Хүн бүр өтөлнө, хөгширнө. Насны эцэст таны нийгмийн баталгаа Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнөөх хуримтлал чинь болно гэдгийг ойлгомоор л байгаа юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд ирэх онд тэтгэвэр цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ чинь тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн л буян шүү дээ. 

-Ховд аймаг төсвийн хувьд биеэ даагаагүй, улсаас татаастай аймгуудын нэгд ордог. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар авч үзэхэд нийт төсвийнхөө 15 хувийг л өөрсдөө буюу аймаг дотоодын татвар, орлогоороо бүрдүүлсэн байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал гээд олон сөрөг хүчин зүйлс байна л даа. Тиймээс цаашид эдийн засгийг өргөжүүлэх, хүрээгээ тэлэх нэн шаардлага байна. Бодлого боловсруулах шатанд ажиллаж байгаа таны хувьд аймаг орон нутгийнхаа цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хэрхэн тэлэх, нэмэгдүүлэх боломж байна гэж хардаг вэ?

-Би түрүүн хэлсэн. ШИНЭ ХОВД хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж. Ирэх онд олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Баруун бүсэд Цементийн үнийг 2 дахин хямдруулах Цементийн үйлдвэрийн их ажил өрнөнө. Нефть боловсруулах үйлдвэр байгуулагдахаар баруун бүсэд шатахууны үнэ хотынхтой адил болж хямдарна. Төв цэвэрлэх байгууламж ирэх хавар ашиглалтад орохоор түүнд түшиглэсэн Үйлдвэрлэл Технологийн Парк байгуулагдана. Түүнчлэн “Хашаандаа сайхан амьдарцгаая” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ХАА-н Агро парк, Олон улсын нисэх буудал, ШИНЭ ХОВД-ын аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гээд олон ажлын байр, ая тух, ашиг орлого бий болгох далайцтай том ажил өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Үүнийг хийж хэрэгжүүлэхэд дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ААН-үүд, иргэд хамтарч ажиллах асуудал бүрэн нээлттэй байгаа. Илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг энэ чуулганд хүрэлцэн ирж аваасай гэж танаас хүсэх байна. Болдог л нэг хурал, байдаг л нэг чуулган биш харин ажил хэрэгч, үр дүнтэй арга хэмжээ болдгийг, түрүүчийн үр дүн нь гараад бодит ажил болоод эхэлснийг тэндээс олж мэднэ гэдэгт тань итгэлтэй байна.  

Ж.Саруул

сүүлд засварлагдсан 2024-05-02 08:44:13
9 + 14 = нийлбэрийг ол!