Д.Түмэндэмбэрэл: Биокомбинатын өргөтгөлийг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулна

Энэ онд гоц халдварт шүлхий өвчин нийслэл болон 13 аймагт гарсан. Тиймээс 20 аймгийн 160 сумын 10.3 сая толгой малыг вакцинжуулжээ. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээнд вакцинжуулсан гэсэн үг биш бөгөөд зүүн болон төвийн бүсийн эрсдэлтэй аймгуудын 2.5 сая толгой малыг энэ сард багтаан вакцинжуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ жил тохиолдсон энэхүү эрсдэл нь вакцинаа дотооддоо үйлдвэрлэх нь хэчнээн чухал болохыг анхааруулж байна.

Унгар улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Биокомбинатыг өргөтгөх асуудал яригдаад удаж байгаа ч одоо болтол бодит ажил хэрэг болоогүй байгаа юм. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түмэндэмбэрэл энэ талаар хэлэхдээ "Манай улс вакцинаа дотооддоо үйлдвэрлэх ёстой. Дэлхийн үйлдвэрлэгч орнуудад Монгол Улс бол том зах зээл гэж харагдаж байгаа. Бид тухайн улс орнуудаас худалдан авалт хийхгүй, дотооддоо вакцинаа үйлдвэрлэх нь валютын урсгалыг гадагшлуулахгүй байхаас эхлээд олон давуу талтай. Тиймээс Унгар улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Биокомбинатыг өргөтгөхөөр болсон. Тендерийн ажил нь явагдаж байгаа. Үйлдвэрийн өргөтгөлийг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулж, 2020 оноос шаардлагатай вакцинуудаа дотооддоо үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна" гэлээ. 

сүүлд засварлагдсан 2025-07-01 17:33:47
5 + 5 = нийлбэрийг ол!