Өглөө орноосоо босож чадахгүй байх нь нэг төрлийн эмгэг

Таны хөнжил хэтэрхий дулаахан, дэлхий ертөнц харин хүйтэн, сэрүүлгийг жаахан хойшлуулчхаж болно гэхчлэн өглөө орноосоо босохгүй залхуурах өчнөөн шалтгаан бий.  Түүгээр ч барахгүй хүйтэн сэрүүн өвлийн улиралд дулаан хөнжилдөө шигдэх шиг сайхан зүйл байхгүй, өглөө эрт босоход гадаа харанхуй байдаг, гэгээ орохоор босъё гэх мэт шалтаг ч өглөө болгон толгойд тань бодогдож байж болох юм.

Өглөө бүр орноосоо босох нь танд ял мэт санагдаж байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь “Дисаниа” гэдэг нэг төрлийн эмгэг байж ч болох юм.

“Дисаниа” гэдэг нь “би өглөө орноосоо босмооргүй байна” хэмээх үгэнд зориулсан нэршил бөгөөд үүнийг Английн эзэн хааны коллежийн сэтгэл зүйч, доктор Марк Салтер анх хэрэглэсэн байна. Түүний бичсэнээр дисаниа нь сэтгэл санааны хямралд орсон хүмүүст тохиолддог ажээ.

Гэхдээ “дисаниа” хэмээх энэ үг хэллэгийг шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд  хүний илүү унтамхай, эрч хүчгүй болсноос шалтгаалан өглөө орноосоо босож чадахгүй байгаа нөхцөл байдлыг нэг үгээр хэлэхэд зориулсан л үг юм. Иймэрхүү хүмүүс өглөө орноосоо арай хийж боссон ч бүтэн өдрийн турш буцаад дулаан хөнжилдөө шургахыг л бодож явдаг байна. Энэ нөхцөл байдал нь стресс, бухимдал, сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй байдаг.

Дисаниагийн шинж тэмдэг нь дээр дурдсанаар орноосоо босмооргүй санагдахаас гадна тухгүй унтах, бие сулрах, бухимдах, амархан ядрах зэрэг байна. Харин зөвхөн өглөө л орноосоо босохоос залхуурч байгаа, бусад шинж тэмдэг илрээгүй бол “дисаниа” биш гэж үздэг аж.

Дисаниаг эмчлэх арга нь амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл хөнгөн хоол идэх, тогтсон цагт тогтмол цагаар унтаж байх болон стрессээс ангижрах алхмуудыг хийх зэрэг байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

сүүлд засварлагдсан 2022-01-25 23:14:52
17 + 16 = нийлбэрийг ол!