БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛСОН БЯЦХАН ХҮҮХДҮҮД Ч ГЭСЭН ХОВД АЙМАГТ ОЛОН БАЙНА

Хүчирхийллийн хажуугаар дуугуй өнгөрөөд байх тусам бид ирээдүйд үүнийг энгийн зүйл мэт хүлээн авдаг болох аюул ойрхон байна. Үе үе сэртхийлгэм мэдээлэл буюу хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн амь насанд халдсан гэмт хэргүүд гарч байна. Энэ зөвхөн нийслэл хотод л гараад байгаа юм шиг олон нийтэд анзаарагдаж байх шиг байна. Гэтэл мэдээллээс хол, мэдээллийн хүртээмж бага, өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнийг илчлэх чадваргүй иргэдийн дунд буюу орон нутагт ч гэсэн хүчирхийлэлд өртсөн олон гэмт хэргүүд гарсаар, тэрүүхэндээ асуудал яригдаж, холбогдох байгууллагуудаар дамжин өнгөрсөөр байна.

Нэгэн баримт дуулгая. Энэ онд Ховд аймагт насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдсэн дүнтэй байна. Тодруулбал, 3 настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, 6 настай хүүхэд бэлгийн хүчирхийлсэн өртсөн тохиолдлуудын кэйсүүдийг олж харлаа. Энэ мэт асуудал, гэмт хэрэг гарах бүрт холбогдох мэргэжлийн байгууллагууд анхан шатны арга хэмжээг авч нэг удаагийн хууль эрх зүйн туслалцаа, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, нэг удаагийн анхан шатны ахуйн хэрэгцээний хангамж, холбон зуучлах үйлчилгээ буюу сэтгэл зүйн зөвлөгөөг байгаа мэргэжилтнүүд нь тусгагдсан эрх үүргийнхээ хүрээнд үйлчилгээгээ үзүүлээд өнгөрдөг. Төрийн үйлчилгээний хувьд хэрэг гарсны дараа үзүүлэх энэ мэт нэг удаагийн энэ арга хэмжээнээс хэтэрч чадахгүй байна. Төрийн олон чиг үүрэг бүхий ажил үүргийн хуваариуд нь Гэр бүл, хүүхэд залуучууд, боловсрол, нийгмийн асуудал хариуцсан байгууллагуудад “Шүдгүй арслан” мэт үр дүнг үлдэхээс цаашгүй.

Энэ бүхний цаана нөгөө л хүнээ орхисон, хүнээ үл ойшоосон бодлогын золиос харагдаж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр, хүүхэд хамгаалах төв, асрамжийн газар Ховд аймагт өнөөдөр ч алга. Уг нь Гэрч хохирогчийг хамгаалах байр баригдсан боловч стандарт шаардлагад нийцээгүй гэдэг үндэслэлээр ашиглалтад оролгүй хүлээгдсээр байна. Хэдий хүртэл хүлээх вэ? Анхнаас нь түүнийг хариуцсан, ажлын зураг батлуулж, зөвшөөрөл олгосон байгууллагууд хариуцлагатай хандахгүй яав аа.

Хэдэн зуун хүүхэд эцэг эх нь архины хамааралтай болж өдөр хоногийг амьдын тамд өнгөрүүлж байна. Эрчүүд бүү хэл ээжүүд, эмэгтэйчүүд архинд ихээр орж үр хүүхдээ хайхрах нь бүү хэл өөрсдийгөө авч явах ч боломжгүй болтлоо нийгмийн доод ангилал руу шилжиж байна. Бид байшин барилга бариад, зам харгуй тавиад л байна. Эд хөрөнгөө өнгө засч сайжруулаад л байна. Гэтэл яагаад хүнээ өнгөлж, зүлгэж ухамсар сэтгэхүйд нь гэрэл асаахын төлөө ажиллахгүй байна вэ? Гудамж талбайд гарч буй ухамсрын доройтол, нийтийн эд хөрөнгийг хайрлаж гамнахгүй байгаа хүүхэд залуучууд байна гээд халаглаад байдаг билүү... Гэтэл тэд чинь гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэг, сургуульдаа тэр хүмүүжлээ авч чадахгүй байгаагаас төлөвшсөн иргэнээ бэлтгэж чадахгүй байна. Төлөвшсөн иргэнгүй бол хичнээн сайхан өнгө үзэмжтэй бүтээн байгуулалт хийгээд тэр төсөв усанд хаясан чулуу мэт үр дүнгүй болно биздээ. Тиймээс эхлээд ХҮНЭЭ ХҮН болгоё. Бусдыг хайрладаг, нэгнээ хайрладаг хүн бүтээцгээе.

Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн золиос болж ХӨВГҮҮДЭЭ ХАЙРЛААГҮЙ ӨСГӨСӨН, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛААГҮЙ ӨСГӨСӨН тэр үеийн үр нөлөөг өнөөгийн монголын нийгэм яг одоо мэдэрч байна... Хайрлагдаж өсөөгүй хүн хүнийг хайрлахгүй, хань ижил, үр хүүхдээ хайрлахыг сураагүй учраас дадаагүй, мэдэхгүй.   

Бид л мэдэхгүй байгаа болохоос захын гэр хорооллоор алслагдсан сум, багт, малчны хотонд ч гэсэн нийгэм олон нийтийг сэртхийлгэсэн гэмт хэргүүд гарсаар байгаа. Зарим нь илчлэгдэж, зарим нь нуун дарагдсаар үүний цаана сэтгэлийн шархтай, итгэлийн галгүй ирээдүй хойч маань өсөн хүмүүжиж байна.

Одоо бид яах ёстой вэ? Улс төрийн сонголтын үеэ дагасан бодлоготой, улс төрийн сонголтоо дагасан албан тушаалын томилгоотой түүнд нь тэсч үлдэх гэсэн зугуудсан төрийн албан хаагчидтай явсаар байвал энэ улсад ХҮНИЙ ХӨГЖИЛ ярих, улс орны нийтлэг эрх ашиг ярих бодлого боловсруулагчид үлдэх болов уу... Яг энэ тогтолцоог дагасан тэсч үлдэхийн тулд оршин тогтнох бодлоготой хувийн хэвшлүүд ч гэсэн шил шилээ даган улс төрийн нөлөөнд дэнжигнэн оршин тогтнож байна.

Боловсролын сургалт хичээлийн агуулгыг ерөнхийд нь харвал Иргэний боловсрол, Монгол ёс заншил, Эрүүл мэнд гээд хүн рүү чиглэсэн хичээлүүд байна. Гэхдээ урлаг уран зохиолоор дамжуулан хүмүүжүүлэх Уран зохиолын хичээл нь алга болчихсон. Биднийг сургуульд байх үед Уран зохиолын хичээл шиг өргөн цар хүрээтэй ухааруулдаг, нэгийг бодуулдаг хичээл бараг байгаагүй. Сургуулийн хувьд ажиглавал нэг иймэрхүү.

За тэгээд ажил хөдөлмөр эрхлээд нийгэмд оролцоод явах үеэсээ бүүр төрийн хамааралгүй шахам болчихно. Эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнүүд авах нь авна, зарим татвар, татаас төлж хувь нэмрээ оруулдаг нь бас байна. Ингээд л энэ үеэс тэд сулдаа ганхана даа. Тэднийг болж байгааг болж байна, болохгүйг нь болохгүй байна гэсэн нийгмийн соён гэгээрүүлэх систем энд үгүйлэгдэж байдаг. Энэ үедээ үргэлжлүүлэн гэр бүлийн хүмүүжлийг эд маань цааш нь өөр өөрийнхөөрөө түгээсээр... Хүчирхийлэлтэй бол хүчирхийллээр үргэлжилж, хайрлагдсан бол хайраар үргэлжилж явна. Тиймээс л соён гэгээрүүлэх, хүн хүнээрэ байх, хүн болгож төлөвшүүлэх систем энэ бүлгүүд рүү чиглэмээр байна. Олон олон хүчирхийллийг бид ам амандаа бувтнаж, шуугисаар, гайхсаар жигшсээр явбал энэ байдал хэзээ ч дуусахгүй. Зоригтой зорилготой өөрчлөх шийдэл хэрэгтэй байна.

Ж.Саруул  

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2020-10-26 21:21:37
12 + 5 = нийлбэрийг ол!
News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа