Х.Номингэрэл: Ерөнхийлөгчийн төслөөр явах юм бол шүүх дээр тодорхой өөрчлөлт гарахааргүй харагдаж байгаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр өрнөлөө. 

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд шүүхтэй холбоотой заалтуудаар Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан байсан. Харин Ерөнхийлөгч өөрийн өргөн барьсан төсөлдөө тэдгээр заалтуудыг бүхэл нь хасах санал тусгасан байв. 

Тодруулбал, “УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байна” гэжээ. 

Энэ талаар хэлэлцүүлэгт оролцсон эрх зүйч, судлаач Х.Номингэрэлээс тодрууллаа. 

-Хэлэлцүүлгийн шатанд буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах зүйл, заалт нэлээд орсон гэж ойлгосон. Харин Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульдаа шүүх, шүүгчийн томилгоотой холбоотой бүлэг заалтыг тэр чигт нь хасах санал гаргасан. Судлаачийн хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?  

-Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг харьцуулаад харахаар Ерөнхийлөгчийн өөрийнх нь төсөл дээр эрх мэдлийг нь огт хөндөөгүй байгаа. Нөгөө талаар гүйцэтгэх эрх мэдэлд оруулж ирсэн хэсгийг харах юм бол нэмэгдүүлсэн байдалтай харагдаад байгаа. 

Их хурлын төсөл бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг гарцаа байхгүй бууруулсан төсөл. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүргээс үл хамаарсан асуудлуудаар нэмж бүрэн эрх авахыг хориглосон. УИХ-ын төслөөр явбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч буй хууль, шүүхийн байгууллагын томилгоо, нэр оруулах бүрэн эрх нь байхгүй болох юм. 

Ерөнхийлөгчийн төслийн шүүхийн хэсгээс харахад Шүүхийн хариуцлагын хороо гэдгийг оруулж ирнэ гэсэн байгаа. Одоо байгаа субьектыг Үндсэн хуулийн түвшинд авч үзэх нь. Мөн харьяаллын асуудлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр биш тойргийн системээр оруулж ирнэ гэсэн хоёр үндсэн санаа л байгаа юм. 

Харин УИХ-ын оруулж ирсэн шиг ШЕЗ-ийн бүрэн эрх, Сахилгын хорооны бүрэн эрхийг нарийн заах, Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлага болон хугацааг өөрчлөх гэх мэтийн нарийн зохицуулалт Ерөнхийлөгчийн төсөл дээр байхгүй. 

Хэрэв Ерөнхийлөгчийн төслөөр явах юм бол шүүх дээр тодорхой өөрчлөлт гарахааргүй харагдаж байгаа. Харин УИХ-ын төслөөр явбал ШЕЗ, Улсын дээд шүүх, Сахилгын хороо гэх мэт байгууллагуудаар дамжуулаад шүүхийн бүтэц, зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт орохоор харагдаж байна. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд дагнасан шүүхтэй болно гэсэн байсан. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ? 

-Одоогийн Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг шүүхтэй байна гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ дагасан шүүхийн зохион байгуулалттай. Үүнийг Шүүхийн тухай хуулиар 2013 оноос өөрчилж үзсэн. Хэд хэдэн сумын дунд нэг анхан шатны шүүх, хоёр аймгийн дунд давж заалдах шатны шүүх гэдэг ч юм уу тиймэрхүү зохион байгуулалтад оруулсан. Үндсэн хуулийн цэцээс үүнийг Үндсэн хуульд зөрчсөн гэж үзсэн. 

Гэсэн хэдий ч Шүүхийн тухай хуулиар хийсэн дээрх зохицуулалт нь шүүхийн ачаааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн зардал, иргэдийн шүүхээр хангуулах эрх хоёрын бланс дээр шүүхийн үйлчилгээг үр ашигтай үзүүлэхийг зорьсон зохион байгуулалт болсон юм. 

Дагнасан шүүх бол гарцаагүй хийх ёстой зүйл. Ерөнхийлөгчийн төсөл дээр энэ асуудал орж ирсэн нь сайн хэрэг. Хэрэв хоёр төслийн Зөвшилцийн хэсгийнхэн энэ хэсгийг аваад УИХ-ын төсөл цаашаа явах бол дэмжинэ. 

Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын хороотой холбоотой хэсэг УИХ-аас оруулсан Сахилгын хороотой холбоотой хэсэгтэй нэгдээд явах боломжтой харагдаж байгаа. 

Гэхдээ УИХ-ын төсөл дээр байгаа шиг Хариуцлагын хороог нарийвчлан зохицуулахгүй бол асуудал үүснэ. 

Мөн нөгөө талаас ШЕЗ хэт цөөхөн гишүүнтэй, маш хаалттай, ойлгомжгүй байдлаар шийдвэр гаргадаг. Түүнчлэн Ерөнхийлөгчийн шүүгчийг томилохтой холбоотой гаргаж байгаа шийдвэр нь ямар ч үндэслэлгүйгээр алга болчихдог. Энэ нөхцөл байдлуудаа УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр орсон шиг шийдвэрлэхгүй бол дорвитой өөрчлөлт хийж чадахгүй. 



УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсгийг харьцуулан харуулж байна

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл

49.5

Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:

1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна; 

3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.

48.1

Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

49.6

Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.

49.6

Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана.

 

49.7

Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

49.7

Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана.

49.8

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.

49.8

Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

51.1

Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.

 

 

51.2

Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. 

Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

 

51.3

Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.

 

 

51.5

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

 

 

 

сүүлд засварлагдсан 2024-04-19 12:17:34
15 + 5 = нийлбэрийг ол!