ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛУУДЫГ ХӨНДӨХҮЙ

                               Хөшөөтийн уурхайг хөшигний цаад дахь асуудлуудаас нь ангижруулбал ховдын хөгжилд түүчээ болно

Ховд аймгийн саалийн үнээ гэгдэх Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байна. МоЭнКо компани өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн төсөвт нийт 7,1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бол 2016-2018 онд улс, орон нутгийн төсөвт нийтдээ 37,4 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Үүнийг дэлгэрүүлж үзвэл, Ашигт малтмал ашигласны төлбөр 15,7 тэрбум, Агаарийн бохирдолд 5,7 тэрбум, Орлогын татварт 5,6 тэрбум, аймаг сумдын төсөвт төлсөн татвар, төлбөр 4,6 тэрбум, Хөшөөт хөгжил санд 3,7 тэрбум, бусад татвар төлбөр 6,5 тэрбум төгрөг төлжээ.

 

Ийнхүү тоо л яригддаг Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа болоод нүүлгэн шилжүүлэлтийн эргэн тойрон дахь асуудлууд, тосгоны бүтээн байгуулалттай танилцах, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор миний бие тус уурхайг зорьсон юм. Ховд хотоос 220 км зайтай уг уурхайд хүрэхэд 190 км нь хатуу хучилттай замаар саадгүй явах бөгөөд 29 км энхэл тонхол, тоос шороо бужигнасан замаар үгээ хэлэн байж туулав. Намрын налгар өдөр сүр бараагаа гайхуулан дүнхийх Дарвийн нуруу, Сутай хайрханы ар хормойг чиглэн замын бартаанд түүртсээр Хөшөөтийн уурхайд хүрлээ. Ийнхүү очих үед нүүлгэн шилжүүлэлтийн гэрээг тосгоны иргэдтэй хийж байхтай нь таарч компаний удирдлагууд болоод иргэдийн санаа бодлыг сонсов.  

 

Иргэд, оршин суугчдын эрүүл мэндийн нөхөн олговорт зориулан нэг удаа олгож байгаа мөнгөн дүнг компани анх 4 сая төгрөг өгөхөөр тогтоосныг иргэд эсэргүүцэж, 10 сая төгрөг болгохыг шаардан жагссаны үндсэн дээр уурхайн үйл ажиллагаа 7 хоног зогсож талууд хэлэлцээд компаний удирдлагуудын зүгээс 8 сая төгрөг олгохоор болж ийнхүү иргэдтэй нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж байгаа нь энэ юм. Иргэдийн зарим нь энэхүү гэрээний нөхцөлд төдийлөн сэтгэл ханамжтай биш байгаа гэдгээ онцолж байлаа. Учир нь олонхийн шийдвэр учраас ийнхүү дагахаас аргагүй байдалд хүрсэн гэдгээ учирлаж байв. Угтаа 10 гаруй жил нүүрсний тоос тортог, агаарын бохирдлоос үүдэн хүүхэд, хөгшид астам, бронхит, эхчүүд үр зулбах гээд эрүүл мэндийн хохирол ярьвал энэ мөнгөн дүн түүний хажууд юу ч биш юм. Түүнээс гадна хүүхдүүд гадна орчин, агаар салхинд дураараа тоглох аргагүй байдаг гээд хүүхдийн эрхийн зөрчил ч энд бас хөндөгдөж байна. Гэрээс гараад тоос тортогтой шороо, хашаанаас гарвал тээврийн зам, том машинууд хөлхөлдсөн хөл хөдөлгөөн гээд хүүхэд гадаа гаргах аргагүй байдгаа тосгоны иргэд учирлаж сууна. Зарим боломжтой айлууд нь амралтын өдрүүдэд аймгийн төв рүү явуулж хүүхдүүдээ тоглуулж агаарлуулдаг гэнэ. Ажилтай байхын тулд аргагүйн эрхэнд ингэж эрүүл мэнд, үр хүүхдийнхээ хойч ирээдүйгээр хохирон амьдарч байна гэдгээ учирлаж байв. Мөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой бусад тулгамдсан олон асуудал ч байгааг тэд ярьж байлаа. 

 

Энэ тосгонд нийт дүнгээр 174 айл оршин суудаг бөгөөд уурхайн отвал тосгонтой хаяа дэрлэн иржээ. Оройдоо цэвэрлээд хоносон гэр доторх эд хогшил өглөө хурууний хээ гарахаар тоос тортог дараад хонодог гэхээр уурхайн тоосжилт хэр их байгаагийн хамгийн энгийн жишээ энэ. Өдөр биш, шөнийн цагаар ажилладаг Хуурай баяжуулах үйлдвэрийн тоосжилтыг дарахаар уг нь 5 ш мананжуулах машин ажиллаж байгаа гэвч энэ нь тэр их тоос шороог бүрэн дарах боломжгүй гэж иргэд онцлов. Мөн тус уурхайн “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан -2018” –д дурдсанаар 5 ш мананжуулах машин ажилласнаар тус Хуурай баяжуулах үйлдвэрийн тоосыг 30-40 хувь бууруулж байгааг дурджээ. Тэгэхээр үлдсэн 60-70 хувийн тоосжилт тухайн орчинд үүсч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй тоосжилтийн сөрөг нөлөө их байгааг ийнхүү харж болох юм. Тиймээс нүүрсий тоосонцороос үүдсэн орчны бохирдолд бодит дүн шинжилгээ хэрэгтэй. Гэтэл БНХАУ-ын Такешкен боомтод ажиллаж байгаа угаах үйлдвэртэй дээрх хуурай баяжуулах үйлдвэрийг харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Тэр үйлдвэр бол битүү шилэн дээвэртэй, нүүрсээ газар доогуур канвераар явуулж угаадаг гээд харьцангуй үйлдэл, үйл ажиллагаа энд байгааг анхаарах хэрэгтэй. Үнэндээ бид эх орондоо хуулиа мөрдүүлж ажиллаж чадахгүй байгаагийн бодит жишээ энэ. Хяналт шалгалт тавьдаг төлөөлөх субъектүүд нь нэг л мэдэхэд амаа таглуулсан байдаг нь олон ч жишээн дээрээс харагддаг.

 

Уг нь анх тус уурхайг ашиглалтанд орж хамтран ажиллах гэрээнд Ховд аймагт Хөшөөтийн уурхайг түшиглэн Угааж баяжуулах үйлдвэр барьж байгуулна гэж тусгагдсан ч энэ нь хилийн цаана буюу БНХАУ-д баригдсан нь энэ юм. Харин компаний удирдлагуудын хэлж буйгаар одоо Хөшөөтийн уурхайд ойрын жилүүдэд Баяжуулах үйлдвэр барихаар ТЭЗҮ хийгдэж байгаа гэнэ. 

                                      Тосгоны нүүлгэн шилжүүлэлт Монгол улсад анхдагч

Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил бол Монгол улсад анхдагч ажил юм. Тухайлбал, манай улсын хэмжээнд уурхайг дагасан багийн төв бүхий тосгоныг ийнхүү цогцоор нь нүүлгэн шилжүүлж байгаа анхны тохиолдол энэ. Уг ажлын хүрээнд Ховд аймгийн төсвөөс Багийн төвийн захиргааны барилга, тог цахилгааны асуудлыг шийдвэрлэж байгаа бол Компанийн хөрөнгөөр 100 Хүүхдийн цэцэрлэг, 150 хүний багтаамжтай Соёлын төв, Халуун ус, Уурын зуух, Гүний худаг, Ус түгээх байрууд, Дулааны шугам сүлжээ, Байшинтай байсан иргэдэд зориулагдсан 15 айлын Хувийн сууц, нийт 111 айл өрхийн 900 м2 талбай бүхий хашаа зэргийг барьж байгуулан өгч байна. Иргэдийн хөрөнгийн үнэлгээг хийлгэсний үндсэн дээрх тосгонд байсан хөрөнгүүдийг нь шинэ суурьшлийн бүсэд ийнхүү цогцоор нь барьж байгуулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд компаний зүгээс нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулж байгаа ажээ. Үүнтэй зэрэгцээд багийн мал бүхий иргэдийн өвөлжөө хаваржааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Багийн Засаг даргатай хамтран судалгааг хийж байна. Харин шинэ тосгоны газрын хөрс сул бургисан шороотой учраас учраас газрын хөрсний асуудал хамгийн их хүндрэл дагуулах тухай тэд хэлж байна. Уг газрыг сонгоход бас л эсэгүүцэж өөр газар сонгох тухай санал хүсэлтээ хэлж байсан ч бас л тэдний үг шийдвэрлэх түвшинд хүрээгүй аж. 

        

Уурхайн үр өгөөж хийгээд орон нутгийн бусад хамтын ажиллагаа

Хөшөөтийн уурхайн үр шимийг хүртэн амьдрал ахуйгаа тэтгэж яваа 25 компаний 500 гаруй жолооч нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байгаа нь Ховд аймагт үзүүлж буй үр шимүүдээс энэ гээд хэлэх хамгийн том үр дүн гэж хэлж болох юм. Үүний дараа мэдээж экспортолсон нүүрсний тонн тутмаас авч буй 0,7 ам.доллар буюу “Хөшөөт хөгжил сан”-д хуримтлагдаж аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын мөнгөн хуримтлал. Энэ мөнгийг сүүлийн гурван жилээр авч үзвэл 2017 онд 619,8 тн нүүрс экспортолж, 987,5 сая төгрөг,  2018 онд 694.2 мянган тн нүүрс экспортлож 1,6 тэрбум төгрөг, 2019 оны 8 сарын байдлаар 935,1 тн нүүрс экспортолж, 1.7 тэрбум төгрөгийн орлого бий болжээ. Энэ мөнгийг захиран зарцуулах эрхийг аймаг дотооддоо шийдвэрлэх бөгөөд өнөөдрийг хүртэл ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулж байна. Гэхдээ уг сангийн мөнгийг иргэдийн хэлж байгаагаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү дэмжлэг үзүүлж бусад салбарын хөгжлийг тэгш явуулахад зарцуулах нь зүйтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үрдэг биш үрждэг, өсдөг хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юм. Гэтэл төрийн тогтолцоо буюу аймаг орон нутгийн төр барьж буй удирдлагуудын “тойрог” гэх аминчхан үзэлд хөтлөгдөн үүнийг төдийлөн үр дүнтэй зүйлд зарцуулж чадахгүй байна. Төлөөлөгчдийн лобби, намуудын фракцийн нөлөөгөөр сум, багуудад ганц нэг жижиг байшин, амбаар сав, хэдэн тоног төхөөрөмж, энд тэндэхийн баяр наадам, тэмдэглэлт ой, уралдаан тэмцээн, хэн нэгний эмчилгээний зардал зэрэгт зарцуулагдан гарын салаагаар урсаж байгаа нь яалт ч үгүй анхаарах асуудлуудын нэг билээ. 

Түүнчлэн дараагийн үр шим хүртэж буй салбар бол тус уурхайн хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа худалдан авалтын ажил. Тухайлбал, МоЭнКо компани өнгөрсөн онд 84 иргэн, аж ахуй нэгжээс Хүнс, бараа, ажил үйлчилгээг худалдан авчээ. Эдгээр худалдан авалтын хэмжээ 2018 онд 47,8 тэрбум, 2019 оны эхний 5 сард 38,3 тэрбум төгрөгт хүрчээ. Эдгээрийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь дээрх тээврийн үйлчилгээ буюу  25 тээврийн компанитай хийсэн гэрээний дагуу нийт дүнгээр 39,9 тэрбум төгрөгийг нүүрс тээврийн хөлсөнд зарцуулсан байна. Тодруулбал, 4/3 нь нүүрс тээврийн үйлчилгээнд орж буй хөрөнгө оруулалт, үүнээс үлдсэн 7,9 тэрбум төгрөгийг харуул хамгаалалт, мах, сүү, барилгын материал гэх мэт жижиг худалдан авалтууд эзэлж байна. Харуул хамгаалалтын тухайд Улаанбаатар хотын компани, барилгын материалыг БНХАУ-аас импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд гээд үлдсэн жаахан хувь болох мах, сүүг л яалт ч үгүй орон нутагт харьцангуй хямд байгаа учраас дотоодоос нь авч байна. Тэгэхээр нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг харахад төдийлөн ач холбогдол, өгөөж багатай бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг. Угтаа бол орон нутагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, хамтран ажиллавал илүү үр өгөөжтэй. 

Орон нутгийнханы хамгийн их санал тавьдаг, нийлүүлэхийг зорьдог зүйлс бол ажилчдын хувцас, гутал, зөөлөн эдлэл зэрэг зүйлс. Ажлын гутлын тухайд яг худалдан авалт их дүнгээр хийгээгүй ч яриа хэлэлцээний түвшинд байгаа нь ажлын эхлэл гэж хэлж болох юм. Уг нь ажилчдын хувцас, ажлын гутлыг үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой аж ахуй нэгж, үйлдвэрүүд Ховд аймагт бий. Тэднийг бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд орон нутгийн удирдлага, компаний зүгээс жаахан дэмнээд өгвөл боломж байгааг үйлдвэрлэгчид онцолдог. Энд нөгөө л төрийн байгууллагын буюу манай аймаг орон нутгийн ажлын уялдаа холбоо, сэтгэл байхгүйн үр нөлөө харагддаг. 

Уг нь 2017 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 8,11-д тусгагдсанаар “Орон нутагт гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг хариуцаж ажиллах нэгж бий болгох”, 8.12-д “Гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаар хяналт хийлгэх ажлыг зохион байгуулах” гэх зэрэг иргэд, олон нийтийн оролцоо хяналтыг хэрэгжүүлэх энэ чухал заалт хэрэгжихгүй байгаа нь иргэдийн оролцоо байхгүй байгааг харуулж байна. Мөн тосгоны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, уурхайн үйл ажиллагааны гэрээг дүгнэх ажлуудад тосгоны жирийн иргэдийн төлөөллөөс оролцуулахгүй явж ирсэний үндсэн дээр дээрх жагсаал бий болж, иргэд үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр ажээ. Тосгоны иргэдийг төлөөлөн оролцож буй гэх төлөөлөл нь багийн дарга, сумын удирдлагууд байсан учраас компаний нөлөөлөлд автах, иргэдийн эрх ашгаас илүүтэй компаний талд шийдвэр гаргуулж ирсэн тохиолдол олон бийг иргэд онцолж байв. Тиймээс гэрээний дээрх заалтад дурдсанчилан хөндлөнгийн Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг энэ мэт аливаа шийдвэрлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцуулж байх шаардлагатай юм. Цаашлаад “Хөшөөт хөгжил сан”-гийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад ч гэсэн хөндлөнгийн төлөөлөл бүхий Иргэний нийгмийн байгууллагын оролцоог бий болгох асуудал урган гарч байна. Энэ нь талуудын хамтран ажиллах гэрээнд ч тусгагдсан байгаа учраас хийж хэрэгжүүлэх ажлуудын нэгд зүй ёсоор орох юм. 

Магтан, өөлөх дараагийн асуудал бол ажиллах боловсон хүчний хангамж. Бусад аймгуудын уурхайтай харьцуулахад Хөшөөтийн уурхайн ажиллах хүчний нөхцөл байдлыг авч үзвэл орон нутгийн иргэд түлхүү байдаг нь нэг сайн тал. Тодруулбал, тус уурхайд өнөөгийн байдлаар нийт 500 гаруй ажилчин ажилладаг бөгөөд үүний 90 хувь нь Ховд аймгийн иргэд байдаг. Энэ бол харьцангуй боломжийн үзүүлэлтийн нэг. Гэхдээ ажилчдын цалин, хангамжийн тухайд нөгөө л нэг гардаг дотоодын болон орон нутгийн ажилчдын цалин бага байдаг тогтолцоо энэ уурхайд бас л гомдлын мөртэй байдаг ажээ.Яг адилхан ажил хийдэг хоёр иргэний тухайд Улаанбаатар хотоос ирж ажиллаж байгаа ажилчин тосгоны иргэнээс 1-2 дахин өндөр цалин, хангамжтай байх жишээтэй.

 

Түүнчлэн орон нутгийн иргэдийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг Хөшөөтийн уурхайгаас нийлүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд багассаар өнгөрсөн жил нэлээд хумигдсан. Энэ байдал 2019-2020 оны өвөл ч мөн үргэлжлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн төв буюу Жаргалант суманд бүхэл нүүрс хангалттай олгож чадахгүй болж таарч байна. МоЭнКо компаний Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал н.Гөлгөөгийн хэлж байгаагаар өнгөрсөн жил тус компаний Хотгорын уурхайгаас худалдан авч аймгийн төвд нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл 2000 тн нүүрс авах дутуу байгаа бөгөөд эндээс үлдэгдэл дээрх хэмжээний нүүрсийг аваад мөн Хөшөөтийн уурхайгаас 2000тн гээд нийт 4000 тн бүхэл нүүрсийг Жаргалант сумын иргэдийн хэрэгцээнд зориулан нийлүүлэх гэнэ. Уг нь Хөшөөтийн нүүрс асалт, дулаан барилт, утаа тортог бага ялгаруулах байдлаараа хамгийн сайн. Тиймдээ ч иргэд Хөшөөтийн нүүрсний хэрэглээг илүүд үздэг. Гэтэл өнгөрсөн жилийнх шиг тус нүүрсний нийлүүлэлт аймгийн төвийн айл өрхүүдэд хүртээмж муутайн улмаас үнийн хөөрөгдөл үүсч мэдэхээр байна. Өөрийнхөө баялгийг бусдад өгчихөөд өрөөлөөс царайчилж суухын бодит жишээ энэ гэж хэлж болно. 

                      Хууль зөрчсөн үйлдэл хийгээд хуулийн цоорхой  

Тус уурхайн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 580 машины 27 машин нь МоЭнКо компаний өөрийн эзэмшлийн машин нүүрс тээврийн үйлчилгээ хийж байна. Эдгээр машинууд дотор 16 м-ийн урттай таван машин явж байгаа гэнэ. Гэтэл манай орны замын стандартад 13м урттай машин явахыг зөвшөөрдөг буюу 16м урттай машин нь хууль зөрчсөн үйлдэл юм. Уг нь аймгийн Авто тээврийн газраас уг автомашинуудыг явуулахгүй хэмээн холбогдох удирдлагуудад удаа дараа сануулж, анхааруулан тэр ч бүү хэл газар дээр нь очиж зогсоосон боловч очсон дарга нарыг буцахад нь компаний удирдлагууд дайлж хонуулаад маргааш өглөөнөөс нь эхлэн өнөөх 16 м-ийн урттай машинууд хууль зөрчин тээвэрлэлтээ үргэлжлүүлэн хийсээр байгааг эх сурвалж мэдээлж байлаа. Баримтыг тодруулах үүднээс ийнхүү тээвэрлэлт хийж байгаа 16м-ын урт чиргүүлтэй машинуудын дугаарыг дурдвал: 4911 ХОА, 5853 ХОА, 4417 ХОА, 4732 ХОА гэх мэт дугаартай таван машин байгааг хяналтын холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл дуугүй явуулаад байгаагийн учир юу вэ? гэдгийг олон нийтийн өмнө асууя. 

 

Бас нэгэн анхаарал татсан асуудлын нэг бол МоЭнКо компаний барьсан 311 км хатуу хучилттай авто замыг “өмчилсөн” асуудал. Энэ тухай Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний 13,1-д дурдсанаар “Компани Хөшөөт-Ярант чиглэлийн 311 км хатуу хучилттай замын хууль ёсны “өмчлөгч” бөгөөд уг замыг Төслийн үйл ажиллагаанд зориулан ашиглана. Төслийн үйл ажиллагаанд саад учруулахааргүй бол орон нутгийн иргэд, байгууллагын тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн журмаар чөлөөтэй зорчуулна.”, 13,2-д “Уг замыг аливаа этгээдэд худалдааны болон бизнесийн зорилгоор ашиглуулах тохиолдолд зам ашиглах нөхцөл, журмыг Компани тогтооно. Компани өмчлөгчийн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.” гэх зэргээр тусгажээ. 

Уг нь энэ зам тухайн компаний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтуудын нэг. Гэтэл Монгол улсын Газрын хэвлийн тухай хууль болон бусад холбогдох хуулинд уг асуудлаар тодорхой заагаагүй байдгаас үүдэн МоЭнКо компани уг замыг өөрийн өмчлөлийн зам мэт бичиж, ярьж санаархдаг нь анхаарах асуудал. Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлийн лицензээс гадна Монгол улс энэ компанид 311 км хатуу хучилттай автозам дагасан газрыг өмчлүүлээгүй шүү гэдгийг хэлмээр санагдсанаа нуухыг хүссэнгүй. Тиймээс дээрх гэрээнд тусгагдсан “өмчлөгч” гэдэг үгийг эзэмшигч гэж өөрчлөх нь зохилтой. Ямартаа ч энэ асуудлыг цаашид хуулинд тодорхой тусгаж өгөхгүй бол компани зам барьсан тухайн газрыг манай өмчлөлийн газар гээд зогсож байхад үгүй гэж хэлэхээргүй зүйл ажиглагддаг. Учир нь Хөшөөтийн Уурхайн асуудал хариуцсан захирал Ан Гуопиний ярианд ч тухайн замын талаарх асуудал яригдаж байв. Тэрээр “Бид өөрсдийн барьсан 311 км замаар орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй зорчуулж байгаа. Энэ бол бас орон нутагт оруулж буй бидний хөрөнгө оруулалт” гэж хэлж байв. 

Ийнхүү хөшөөтийн уурхайг дагасан тулгамдсан асуудал бэрхшээлүүд багагүй бий. Юутай ч аймаг орон нутагтай хамтран ажиллах гэрээнд 80 гаруй хувийн биелэлттэй хэмээн дүгнэгддэг гэрээний заалтууд дотор, анхаарах асуудал олон бийг эндээс харж болно. Харуул хамгаалалтын ажилтнуудаас нь эхлээд л болгоомжлол, хаалт ихтэй, ил тод биш үйл ажиллагаатай, компаний өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа иргэд, олон нийтэд төдийлөн нээлттэй биш байдаг нь хөшигний цаана асуудал байдгийн тэмдэг. Хөшөөтийн хөшгийг нээж асуудлуудаас нь ангижруулбал, Ховд аймгийн хөгжилд энэ уурхайн үр өгөөж бодитоор нөлөөлөх боломж бүрэн бий. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн муйхарлал, эзэгнэсэн компаний даварсан санаархал даамжирвал эндээс нүүрс тээвэрлэлтийн хэдэн компаниудаас бусад нь төдийлөн үр өгөөж хүртэхгүй. Тиймээс олон нийтийн оролцоо, компаний үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгож гэмээнэ хөгжлийн хөшиг нээгдэх учиртай.

 

Сэтгүүлч Ж.Саруул

Rate this item
(3 votes)
сүүлд засварлагдсан 2019-10-23 15:29:01
16 + 10 = нийлбэрийг ол!
user profile
Зочин 7 months ago 202.179.31.11

yostoi duursen gazar da

user profile
odko 9 months ago 202.21.127.206

asuudliig zuv gargaj irsen bna. amjilt husie

News writer

энд өөрийн сэтгэдэлээ бичнэ үү

www.khovdtimes.mn
шар олон улс
сонин бараа